Афганистаны 1000 гаруй цэрэг Талибанчуудад хөөгдөж Тажикстаны нутагт орж иржээ

Афганистаны 1000 гаруй цэрэг Талибанчуудад хөөгдөж Тажикстаны нутагт орж иржээ

Афганистаны засгийн газрын мянга гаруй цэрэг Талибаны цэргүүдэд дийлдсэн учир  өчигдөр /2021-07-05/ өглөө хөрш Тажикистаны нутаг дэвсгэрт орж иржээ.

Мөн өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр 300 орчим цэрэг Тажикистаны хилээр нэвтэрсэн байна. Тажикастаны талаас хүмүүнлэг ёсны болон сайн хөршийн үүднээс тэднийг хүлээж авахаас өөр арга байгаагүйг мэдээлжээ. Кабул дах эх сурвалжийн мэдээлснээр сүүлийн өдрүүдэд Талибаны зэвсэгт бүлэглэлүүд Тажикистантай хил залгаа Афганистаны Бадахшан мужийн зургаан дүүрэгт бүрэн хяналтаа тогтоосон байна.

Үүнээс гадна АНУ-ын засаг захиргаа 2021 оны  есдүгээр сард багтаан цэргээ Афганистанаас гаргах болсон нь ийнхүү Талибанчуудын довтолгоог эрчимжүүлээд байгаа аж. Мөн гадаадын цэргүүдийг гарч дууссаны дараа тус улсад исламын шашны хатуу дэглэм буцаж сэргэх аюул улам бүр нэмэгдэх юм.

Сүүлийн үед Талибан хөдөлгөөнийхөн хуучин Зөвлөлтийн улсуудтай хиллэдэг Афганистаны хойд мужуудад довтолгоогоо эрчимжүүлсэн байна.  Тэд өнгөрсөн сард  Узбекистан руу хүрэх гол худалдааны замыг дайрдаг Кундуз мужийн Имам Сахиб хотыг эзлэн авсан. Афганистаны ерөнхийлөгч Ашраф Ганийн зөвлөх саяхны мэдэгдэлдээ засгийн газрын зэвсэгт хүчин ойрын үед алдсан газар нутгаа буцааж авах хариу довтолгоонд бэлдэж байгааг хэлсэн юм.

                                                                                                         Эх сурвалж: Reuters