Түүнийг Ч.Ундрахбаяр гэдэг. Тэрбээр өнгөрсөн лхагва гаригийн Засгийн газрын хуралдаанаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Нийгмийн хамгаалал, хөгжлийн асуудал хариуцсан орон тооны бус зөвлөхөөр томилогдсон. Нэг сарын дараа жинхлэгдэж орон тооны зөвлөхөөр ажиллаж эхлэх бөгөөд энэ хугацаанд ажилтайгаа илүү сайн танилцах аж.
Ерөнхий сайд орон тооны зөвлөхөөрөө хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг томилж буй анхны тохиолдол энэ.
Тиймээс уг томилгоог хандлагын хувьд эерэг, зөв үлгэрлэл боллоо хэмээн олон нийт харж буй. Ч.Ундрахбаярын хувьд “Түгээмэл хөгжил бие даан амьдрах төв”-ийн үүсгэн байгуулагч бөгөөд одоо 16 хүнийг цалинжуулж, 160 гаруй гишүүнийн бүрэлдэхүүнтэйгээр өргөн хүрээнд үйл ажиллагаагаа явуулж зөвлөгөө, сургалтын үйлчилгээ үзүүлж байна.
Ажлын байр үүсгэн улсад татвар төлж, бусдадаа зөвөөр үлгэрлэн, алсын зорилго төлөвлөгөөтэй ажиллаж, төсөл төлөвлөгөө хэрэгжүүлж түүндээ хүрэхээр хөдөлмөрлөж буй Ч.Ундрахбаярын ярилцлагыг бид хүргэж байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл Ерөнхий сайдын зөвлөхөөр томилогдох нь ямар давуу талтай вэ, юу өөрчлөгдөх вэ.
ВИДЕО:
-ЕРӨНХИЙ САЙДТАЙ НҮҮР ТУЛЖ УУЛЗААГҮЙ Ч ЗАСГИЙН ГАЗРЫН ХУРАЛДААНД ОРОЛЦСОН-
-Өнгөрсөн лхагва гаригийн Засгийн газрын хуралдаанаар таныг Ерөнхий сайдын зөвлөхөөр томилсон. Юун түрүүд баяр хүргэе. Танд ажлын санал тавьсан уу?
-Тийм. Надад санал тавьсан. Саяхан буюу зургадугаар сарын 03-нд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон төлөөллийн төрийн бус байгууллагынхантай уулзаж ярилцсан.
Уулзалтын үеэр Ерөнхий сайд хэлэхдээ “Өмнөх, өмнөхөөсөө илүү ажил хэрэгч хандана. Шийдэж болох асуудлуудыг шийдье. Цаг хугацаа шаардлагатай, илүү нарийвчлалтай шийдэх асуудлыг богино, дунд хугацаанд төлөвлөгөө боловсруулж хэрэгжилтийг нь хангаж ажиллая” гэж хэлсэн.
Мөн уг ажлаа илүү бодитойгоор хэрэгжүүлэхийн тулд зөвлөхтэй болоход анхаарч байгаагаа дуулгасан. Зөвлөхтэй болох асуудлаар төрийн бус байгууллагууд хоорондоо ярилцаж шийдвэр гаргаад эргээд мэдэгдэхийг хүссэн. Үүний дараа Нийгмийн хамгааллын яамнаас “Зөвлөхөөр чи ажиллах боломжтой юу” гэсэн асуудал тавьсан. Би ганцаараа шийдчих боломжгүй учраас ажлынхантайгаа болон бусад төрийн бус байгууллагын хүмүүстэйгээ уулзаж саналыг нь сонссон. Ингээд л шийдсэн дээ.
-Хөгжлийн бэрхшээлтэй иргэн Ерөнхий сайдын зөвлөхөөр ажиллах нь олон давуу талтай байх гэж харж байна. Маш том боломж байж болох юм?
-Энэ саналыг хүлээж авсан шалтгаан нь ердөө энэ байсан. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн оролцоог хангасан боломжууд өмнө нь байсан. Гэхдээ дандаа орон тооны бус зөвлөхөөр ажиллаж байсан юм билээ. Харин энэ удаа орон тооны зөвлөхөөр томилогдож буй нь асуудалд илүү ойр хандах, оролцох боломж гэж харж байна. Яахав, би төлөөлж ажиллаж буй ч бусад төрийн бус байгууллагын төлөөллийг ч хангах боломж, бололцоо юм. Тийм ч учраас илүү нааштайгаар хүлээн авч өнөөдрийг хүртэл явж ирсэн хамгийн бодит боломж гэж харж байна. Тиймээс уг боломжийг зөв ашиглаж хууль эрх зүйн бодлого, шийдвэрт оролцоход нэг шат ахилаа гэж харж байгаа юм. Ажиллаад үзье, ганцаараа биш шүү дээ. Миний ард олон хүн, төрийн бус байгууллагууд байна гэж харж байгаа.
-Засгийн газрын лхагва гаригийн хуралдаанаар хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй холбоотой цогц арга хэмжээ авах асуудлыг хэлэлцсэн. Тухайлбал, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажилтай, орлоготой болгох, нийгмийн хангамж, боловсролын асуудалд анхаарах гэх мэт. Энэ асуудлаас хамгийн эхэлж алийг нь шийдвэрлэх ёстой гэж та харж байна. Ажлаа юунаас эхлэх вэ?
-Хүний эрх талаасаа хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн асуудал олон. Маш олон салбарыг хамрах асуудал. Тэгэхээр энэ бүх асуудлыг бүгдийг нэг дор шийднэ гэдэг аль ч улс орны хувьд хүндрэлтэй. Цаг хугацаа, хөрөнгө санхүү, боломж нөхцөлийн хувьд их л сайн төлөвлөх ёстой. Сүүлийн жилүүдэд төрийн бус байгууллагууд нэгдэх, чухал асуудлаар хамтарч дуугардаг болсон. Бүгд л тус, тусынхаа асуудлыг ярихаас илүү нийтэд маань хэрэгтэй нэн тэргүүнд хэрэгжүүлэх ажил юу гэдгийг ярилцаж эрэмбэлсэн. Тулгамдсан нэн даруй шийдэх ёстой найман асуудлыг авч үзсэн гэсэн үг. Үүнийхээ дараа Ерөнхий сайдтай уулзаж найман асуудлаа хэлсэн. Ерөнхий сайдын зүгээс заримыг нь шуурхай хийж болох ч цаг хугацаа шаардлагатай нь ч байна гэсэн. Энэ найман ажлыг хийхийн тулд судалгаа, шинжилгээ хэрэгтэй. Ингэхийн тулд бусад салбарууд болон иргэний нийгмийн байгууллагуудтайгаа уулзаж ярилцах эхнээс нь төлөвлөх байх. Миний хувьд яг ингэнэ, тэгнэ гэж төлөвлөгөөгүй байна. Гэхдээ эрэмбэлсэн найман ажлаа юун түрүүнд хийх шаардлагатай гэж харж байгаа. Мэдээж өөр нэмэгдэх асуудлууд олон гарах байх.
-Та Засгийн газрын хуралдаанд оролцсон байх. Ерөнхий сайдтай биечилж уулзаад ажлынхаа талаар ярилцсан уу?
-Би 10 гаруй жил төрийн бус, иргэний нийгмийн байгууллагыг төлөөлж ажилласан болохоос биш төрийн албанд ажилласан туршлагагүй. Миний хувьд Ерөнхий сайдтай асуудлыг ярилцах, зөвлөх юм болов уу гэж бодтол арай өөр юм байна лээ. Нарийн тогтолцоотой ажил бөгөөд би илүү танилцах, судлах ёстой юм билээ. Засгийн газрын хуралдаанд оролцож өөрийнхөө ажиллах асуудлыг танилцуулаад л гарсан. Түүнээс Ерөнхий сайдтай нүүр тулж уулзаагүй. Ажиглах байр, сууринаас Засгийн газрын хуралдаанд оролцсон.
-Ерөнхий сайдын зөвлөхийн ажлын хуваарь, эрхлэх асуудал ямар санагдсан бэ. Мэдээж эхний байдлаар танилцсан байх. Та одоо төрийн бус байгууллага төлөөлж байна. Ингэснээр таны ажил, амьдралд хэр өөрчлөлт орох вэ?
-Эрх зүйн хувьд судалсан. Бусад зөвлөхтэй нь уулзаж мэдээлэл ч авсан. Илүү судлах, танилцах шаардлага байна гэж бодсон. Ер нь зөвлөхүүд аливаа асуудлыг судлах, нотлох, харьцуулсан дүн шинжилгээ хийх үүн дээрээ үндэслэн бодлогын хуваарилалт хийх ёстой юм билээ. Миний бодож байснаас илүү өргөн, олныг хамарсан, төлөвлөлт хийсэн, судлах, суралцах ихтэй том ажил юм байна гэж харсан. Миний өдөр тутмын үйл ажиллагаанд маш их өөрчлөлт орно л доо. Яахав, төрийн албан хаагч биш ч гэлээ тусгай хуулийн зохицуулалтаар хийдэг ажил юм байна. Тиймээс би ашиг сонирхлын зөрчилгүй байх гэдэг үүднээсээ давхар ажил хийхгүй байх, цалин урамшуулалгүй байх ёстой. Энэ үүднээсээ уг ажлаа болино. Дараагийн хүндээ шилжүүлнэ гээд тодорхой хугацаа надад бий. Тэгээд ч тэр ажилдаа илүү анхаарахгүй бол цаг богино учраас хүрэлцэхгүй. Тэгэхээр энэ ажлаа бүрэн больж өөр хүнд шилжүүлнэ. Манай байгууллагад залуу үеэ дэмжих соёл бий. Энэ дагуу хурлаа хийж дараагийн залуудаа ажлаа өгнө.
-ОРЧИН НӨХЦӨЛ, ТОХИРУУЛГУУДЫГ НЬ БҮРДҮҮЛЧИХВЭЛ ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭН ЯМАР Ч АЖИЛ ХИЙХ БОЛОМЖТОЙ -
-Ерөнхий сайдын зөвлөхүүд тусгай хангамжтай байдаг?
-Нарийн зүйлүүдийг мэдэхгүй байна /инээв/. Нэгдүгээрт, албан ёсоор жинхлэгдээгүй байгаа. Нэг сарын дараа жинхлэгдэнэ тэр хүртэл орон тооны бус зөвлөхөөр ажиллана. Миний хувьд тусгай зүйл шаардлагагүй. Харин өөр нөхцөлийг хийх ёстой байх. Би өөрөө сайдын зөвлөхөөр ажиллаж буй анхны хүн юм бол дараагийн хүмүүстээ ийм боломжийг нээж өгөх ёстой. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөгжлийн бэрхшээлтэй хүмүүстэй уулзахдаа “Уриалга, үүрэг талдаа төр өөрөө эхлэх ёстой юм байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ажиллах ажлын байрыг яамд гаргаач ээ. Заавал зөвлөх бус өөр бусад ажлын байрыг бий болгоё” гэж хэлсэн. Би анх удаа ч ийм ажил хийж байгаа юм биш. Хөгжлийн бэрхшээлтэй хүнд тусгай зүйл шаардлагагүй ч онцлогууд бий.
- Нэгдүгээрт, орчин. Засгийн газрын ордны хүртээмжтэй орчин нөхцөл.
- Хоёрдугаарт, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн асуудлыг төлөөлөх учраас амьдралтай илүү ойр байна.
Дандаа ордонд суугаад байх нь яадаг юм болдоо. Боломжтой л бол салбарын төрийн бус байгууллагатай уулзаж ажиллах талаар бодож байна.
Миний араас ажиллах хүмүүст боломж, нөхцөлийг таниулах үүднээс ажиллана. Тухайлбал, хувийн туслахын тогтолцоо Монгол улсад хэрэгжиж эхлэх гэж байна. Хувийн туслахын тогтолцоо нь асаргаанаас тэс өөр. Хөгжлийн бэрхшээлтэй хүний үйлдлийн чадамж дээр нь дэмжлэг үзүүлдэг ажил юм. Цагийн ажлын систем. Ийм системтэй бол ямар ч хүнд хөгжлийн бэрхшээлтэй хүн боловсрол эзэмших, ажил эрхлэх, бие даан амьдрах боломж нь нэмэгддэг. Үүнийг тодорхой хувиар нэмэх нь хэрэгцээтэй. Олон улсад үүнийг өндөр үнэлэмжтэй ажил гэдэг ч манайд эсрэгээрээ. Гэхдээ хөгжүүлэх шаардлага бий.
-Яамдад хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг ажиллуулахаар боллоо гэж та хэллээ. Тэгэхээр нэг яаманд хэдэн хүн ажиллах орон тоо гарах боломж байна. Тухайлбал, ямар ажлын байранд ажиллах боломжтой вэ?
-Сая хурлын дараа л яригдсан учраас дэлгэрэнгүй мэдээлэл алга. Ирэх долоо хоногт Нийгмийн хамгааллын яамнаас асуудлыг танилцуулна. Бид ямар ч салбарт ажиллах боломжтой. Тохируулсан байдлаар ажлын байрыг нь гаргаж өгөхийг л илүү уриалж байгаа байх. Харааны бэрхшээлтэй хүн компьютер дээр ажиллах боломжтой. Гэхдээ тэр хүнд тохирсон хэлбэрээр байх ёстой. Тэгвэл ямар ч ажлыг хийнэ. Нийгмийн даатгал болон бусад аж, ахуй нэгжид ажиллаж байгаа хүмүүс байна шүү дээ. Тэр битгий хэл Японы Элчин сайдын яаманд харааны бэрхшээлтэй залуу ажилладаг. Орчин үеийн дижитал компьютер дээр ажилладаг. Үүн шиг тэргэнцэртэй хүнд орчин нөхцөл чухал. Ариун цэврийн өрөө, ажиллах орчин, орц гарц ажил, гэрийн хооронд дахь нөхцөл байдал чухал.
Бэрхшээлийн хэлбэр, онцлогоосоо хамаараад тохируулгууд нь хийгдчихвэл амьдралд ороод явчих боломжтой. Түүнээс харааны бэрхшээлтэй хүн зөвхөн массаж хийх ёстой, сонсголын бэрхшээлтэй нь мужаан хийнэ гэдэг уламжлалт ойлголт алдагдсан. Орчин үед тохируулгууд хангагдаж, орчны хүртээмжтэй л байвал бусад хүнтэй адил ажиллах боломжтой.
Оролцоо гэдэг нь хуралд суугаад тоо баримтаар харуулчихдаг зүйл биш. Бодлогын түвшний ажил, хэрэгжилтэд оролцохыг хэлнэ. 2009 онд конвенцод нэгдсэнээс хойш хууль, эрх зүйгээ түүнд тааруулж өөрчилсөн. Үүний дараа шинэ бодлогууд гаргаж хэрэгжүүлж эхэлсэн. Мэдээж сайн зүйлс үүд байна. Удааширч буй ажлууд ч байна. Гэхдээ л алхам, алхмаар сайжирч байна. Олон улсын жишгийн дагуу л явж байна гэж бид хардаг. Бас би тэнд зөвлөхөөр ажилласнаар бүх зүйл сайжирчихна гэж үзэхгүй байна. Би бас хэр хэмжээнд ажиллахаа ч сайн мэдэхгүй байна. Гэхдээ л энэ боломжийг олгож буй нь том давуу тал юм. Тэгэхээр уг боломжийг ашиглаж хэрэгжихгүй байгаа бодлого шийдвэрийг амьдралд хэрэгжүүлэхийн тулд хичээх ёстой гэж ойлгож байна. Сүүлийн үед жагсаж, цуглаж, тэмцэх хэлбэр өөрчлөгдөж дэлхийн бусад оронд ойлголцох, зөвшилцөх, оролцоогоо хангах хэлбэрээр явагддаг болсон шүү дээ.
-ГЭРЭЛ ТАТУУЛСАН 10 ЖИЛ: ТҮҮНИЙ ТҮҮХ НАДАД
УРАМ ӨГДӨГ-
Ч.Ундрахбаяр 10 жилийн өмнө “Түгээмэл хөгжил-бие даан амьдрах төв” ТББ-аа байгуулахдаа Япон, Солонгосын төрийн бус байгууллагуудын санхүүжилтээр эхэлж байжээ. Тус улсуудын хувьд тогтолцоо систем нь бүрдсэн, эхэн үеийн хүндрэлтэй асуудлаа биднээс өмнө шийдчихсэн. Тиймээс адилхан төрийн бус байгууллага ч бусдадаа илүүчлэх хэмжээний болтлоо хөлөө олсон гэсэн үг. Энэ үүднээс Ч.Ундрахбаярт тусалж эхний дөрвөн жилийн оффисын түрээсийн төлбөрийг даах, урсгалд зардалд тодорхой хэмжээгээр туслалцаа үзүүлж байжээ. Үүнээс хойш тэрбээр өөрөө төсөл хөтөлбөр бичин өөр бусад орноос санхүүжилт олон бие дааж чадсан байна.
Энэ 10 жилд “Түгээмэл хөгжил-бие даан амьдрах төв”-өөс олон залуу сайхан амьдралын эхлэлээ олжээ. Ч.Ундрахбаяр энэ талаар ярихдаа “Бие даан амьдрах гэж хэлэх амархан ч тийм биш юм. Яавал бие дааж амьдарч чадах тал дээр бид загвар төслүүд ажиллуулж байна. 6-7 жил загвар төсөл хийж байна. Тодруулбал, хувь хүний ойлголт, хандлагыг өөрчилж чадавх суулгадаг. Үүний дараа тухайн хүн хаана ажиллахаа шийддэг. Манайд суралцаж ур чадвараа сайжруулсан нэг залуу Австралийн сургуулийн хөтөлбөрт тэнцээд тун удахгүй бакалаврт суралцахаар гэр бүлээрээ явах гэж байна. Өөр бусад олон залуу ажилд орж сайхан амьдарч байна. Бас нэг жишээ хэлэхэд, асаргааны 80 мянган төгрөгөө аваад амьдардаг байсан залуу одоо оффис байгуулаад тусдаа гарсан. Тэр залуу чадахгүй үйлдэлдээ хувийн туслахууд авдаг. Бас нэг инженер залуу ур чадвараа илүү хөгжүүлж студид ажиллаж контенттой холбоотой бүх ажлаа хийдэг. Энэ мэт өөрсдөө татвар төлж, цалин олгож, баялаг бүтээж байна. Бас нэг төрөлхийн бэрхшээлтэй залуу бүр сэтгэл гутралд орж гэрээсээ ч гарахгүй амьдардаг байсан. Эгч нь бидэнтэй ирж уулзаад “Манай дүү 26 настай. Жилд нэг удаа эмнэлэгт үзүүлэх гэж л гэрээсээ гардаг. Та бүхэн нэг уулзаач” гэсэн. Бид уулзсан. Манай хөтөлбөрт хамрагдсан. Жилийн дараа тэр залуу яаж өөрчлөгдсөн гэж санана. Одоо бие даагаад эгчээсээ тусдаа амьдарч байна. Саяхан жолооны сургалт төгссөн. Тэр битгий хэл найз охинтой болж хоёулаа гараар саван хийж зарж байна. Түүний түүх надад урам өгсөн. Энэ мэт бусдад урам өгөх, оролцоог нь хангах, чадавхи суулгах, нэмэгдүүлэхэд л хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс ямар ч төрлийн ажил хийх боломжтой” гэсэн юм.
Түүний хувьд сүүлийн үед төрийн байгууллага болон хувийн аж, ахуй нэгжүүдэд хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг ажиллуулахтай холбоотой хууль эрх зүйн болон ажлын байрны хүртээмжтэй байдлын тухай зөвлөгөө өгч сургалт зохион байгуулах ажлыг голчлон хийж байгаа аж. Мөн ажлын байрны үнэлгээг хийж байгаа гэж хэлэв. Захиалга ч сайн байгаа гэх. Сүүлийн үед байгууллагууд нийгмийн хариуцлага, хууль эрх зүй, маркетингтаа тулгуурлаж хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг ажилд авах нь олширчээ. Ингэхийн тулд “Түгээмэл хөгжил-бие даан амьдрах төв”-өөс сургалт, зөвлөгөө авдаг байна.
“Түгээмэл хөгжил-бие даан амьдрах төв”-ийг хүмүүс хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст зориулсан бүх төрлийн сургалтыг зохион байгуулдаг гэж ойлгодог байна. Тэр биш бөгөөд зөвхөн тэднийг дараагийн шатны байгууллагатай холбох хандлага, ойлголтыг өөрчлөх, бусад байгууллагад тэднийг ажиллах нөхцөлөөр хангах ажлыг хийдэг юм. Бодлогын тогтолцооны сургалт хийдэг гэх юм уу. Түүний гэрэл татуулах он жилүүдэд амжилт хүсье.