Вакцины гэрчилгээг дэлхийн улс орнуудад хүлээн зөвшөөрүүлэх яриа хэлэлцээр хийж байна

Вакцины гэрчилгээг дэлхийн улс орнуудад хүлээн зөвшөөрүүлэх яриа хэлэлцээр хийж байна

Манай улс энэ зургадугаар сарын 1-нээс хилээ албан ёсоор нээсэн. Гэвч халдварын нөхцөл байдал болон вакцины асуудлаас болж дэлхийн хэд хэдэн оронд зорчих боломжгүй болоод байгаа юм. Энэ талаар ГХЯ-ны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг хэлэхдээ, “Монгол улс энэ зургадугаар сарын 1-нээс хилээ нээсэн. Ингэснээр манай улсын иргэд хил нь нээлттэй байгаа Турк, Австрали, АНУ, Эмират, Грек, Киргиз, Тайланд, Индонез, Бразил, Египет, Энэтхэг зэрэг 10 гаруй улс орон руу зорчих боломжтой. Хэдийгээр манай улс хилээ нээсэн байгаа боловч дэлхийн 110 гаруй улс орон хилээ бүрэн болон хэсэгчлэн хаасан. Хил нээх асуудал нь дан ганц улсаас хамаарахгүй хоёр улсын харилцаа, тохиролцооны асуудал юм.” гэжээ.

Мөн манай улсын иргэд олноор зорчдог, амьдардаг ОХУ, Хятад, Солонгос зэрэг улсууд нь дотоодын халдварын нөхцөл байдал болон вакцинжуулалтын асуудлаас хамаарч богино хугацааны виз олгохгүй хилээр нэвтрүүлэхгүй байгаа. Гэхдээ бид тэдгээр улсуудтай хилээ нээх асуудал дээр яриа хэлэлцээр хийж байна.

Харин манай улсын вакцины гэрчилгээг хүлээн зөвшөөрсөн улс орны тухайд, “Манай улсын хувьд вакцинжуулалт маш хурдацтай явагдаж вакцины давтан тун хийлгэсэн иргэдэд гэрчилгээ өгч байгаа. Хамгийн гол олгож байгаа вакцины гэрчилгээг дэлхийн улс орнуудад хүлээн зөвшөөрүүлж, виз олгуулах яриа хэлэлцээрийг Гадаад харилцааны яам энэ цаг мөчид хийж байна.  Өнөөдөр бид Унгар, Эмират, Их Британи, Латви зэрэг улс орнуудтай гэрчилгээ тохирох ажил эзлэх шатандаа явж байна. Мөн ОХУ, Хятад улсуудтай гэрчилгээ тохирох асуудал дээр яриа хэлэлцээр хийж, дахин нарийвчилсан асуудлаар ярилцахаар төлөвлөж байна”

“Одоогоор хилээ нээсэн улс орнууд вакцин хийлгэсэн хүнийг хилээр нэвтрүүлнэ гэсэн шаардлага байхгүй байгаа. Вакцины гэрчилгээг зөвшөөрөөгүй бол монгол иргэдийг хилээр нэвтрүүлэхгүй, виз олгохгүй юм байна гэдгийг асуудлыг иргэд хольж ойлгож болохгүй. Вакцины гэрчилгээ нь тухайн хүний халдварын эрсдэлийг гадаад улсад үнэлэхэд нь туслах ач холбогдолтой” гэжээ.