11 өдөр үргэлжилсэн зэвсэгт мөргөлдөөн, пуужингийн довтолгооны дараа Газын зурвас дахь Палестины ХАМАС бүлэглэл болон Израилийн арми галаа зогсоохоор болжээ. “Ямар нэгэн болзолгүй гал зогсоох” саналыг Египет анх тавьж, хоёр тал хүлээн зөвшөөрсөн байна.
ХАМАС бүлэглэлийн удирдагч CNN агентлагт ярилцлага өгөхдөө “Египетийн зуучлалаар хоёр тал түр эвлэрэхээр санал тохиролцсон. Бид орон нутгийн цагаар 02.00 цагт гал зогсооно” гэжээ.
Мөргөлдөөн үргэлжлэх хугацаанд Израилийн агаарын довтолгоонд 232 палестинчууд/тэдний 65 нь хүүхэд/ амь үрэгдсэн гэж ХАМАС-ын дэргэдэх эрүүл мэндийн яам мэдээлэв. Харин Израилд 12 гаруй хүн амь үрэгдсэний хоёр нь бага насны хүүхэд байна.
Гал зогсоох болсноо талууд олон нийтэд зарласны дараа Израилийн иргэд баярлаж, машиныхаа дохиог дуугарган, сүмд очиж бурхны магтан дууг дуулжээ. Гэвч гал зогсоох тохиролцоо Израил-Палестины зөрчлийг нэгмөсөн шийдвэрлэхгүй гэж иргэд үзэж байна.
Хоёр талын харилцаа Иерусалим хотын зүүн хэсэгт орших, голдуу Палестин гаралтай иргэд оршин суудаг гэр бүлийг Еврей суурьшигчдын бүлэг хүчээр нүүлгэхээр шүүхэд зарга мэдүүлснээр улам хурцадмал байдалд шилжсэн юм.
Эх сурвалж: CNN