Хоёр долоо хоногийн өмнө Европын холбоо ирэх зургадугаар сард вакцины бүрэн тунгаа хийлгэсэн, өвчлөл бага орноос ирж буй жуулчдад хилээ нээхээр төлөвлөж буйгаа мэдэгдсэн билээ. Тэгвэл өчигдөр /2021.05.19/ уг шийдвэрээ баталгаажуулж, гарын үсэг зуржээ. Харин “аюулгүй” гэж үзэж хилээ нээх улс орнуудын жагсаалтыг ирэх долоо хоногийн эхээр батлах юм байна.
Улс орнуудын жагсаалтыг гаргахдаа 100 мянган хүн тутамд 75-аас доош халдварын тохиолдол бүртгэгдэж буй орнуудыг хамруулах зөвлөмж яригдаж байгаа юм байна.
Хэдий халдварын нөхцөл байдлаас шалтгаалж уг жагсаалт хэзээ ч өөрчлөгдөж болох ч аялал жуулчлалын салбарыг дэмжих томоохон түлхэц болно гэж гишүүн орнууд харж байна.
Жуулчид Европын Комисст хүлээн зөвшөөрөгдсөн “Астра-Зенека”, “Фпайзер”, “Johnson & Johnson”, “Moderna” вакцинуудыг нислэгээс 14 хоногийн өмнө хийлгэсэн байх ёстой гэсэн шаардлагыг өнгөрсөн долоо хоногт танилцуулсан билээ.
Эх сурвалж: CNBC