Өнгөрсөн хоёр хоногт Африкаас Испани руу 8 мянга гаруй дүрвэгч хууль бусаар нэвтэрчээ

Өнгөрсөн хоёр хоногт Африкаас Испани руу 8 мянга гаруй дүрвэгч хууль бусаар нэвтэрчээ

Африкаас Европыг зорих дүрвэгсдийн урсгал сүүлийн жилүүдэд Испанийг чиглэх болсон. Өнгөрсөн хоёр хоногт гэхэд Марокко улсаас Испанийн хойд Сеута хот руу 8 мянга гаруй цагаач хууль бусаар нэвтэрсний 6 мянга гаруй нь өчигдөр/2021.05.18/ иржээ. Хууль бусаар цагаачилсан иргэдийн 1500 гаруй нь бага насны хүүхэд байгаа аж. 

Испанийн Сеута дахь засгийн газрын төлөөлөгчийн мэдээлснээр цагаачид хуурай газрын хилийн шугамыг тойрч, далайгаар сэлж, зарим гүехэн устай газраар алхаж ирсэн байна. Үүсээд буй нөхцөл байдлын улмаас Испанийн цэргүүд тус бүсийг хамгаалалтад авч цагаачдын тал гаруй хувийг нутагт нь буцаажээ.

Европын Холбооны Дотоод хэргийн комиссар Ильва Йоханссон Сеута хотод ирсэн цагаачдын тоо нэмэгдэж буй нь түгшүүр төрүүлж байгаа бөгөөд ихэнх нь хүүхэд байгаа нь санаа зовоож байна гэж мэдэгдээд байна. 

Сеута Умард Африкийн эрэг ба Гибралтарын хоолой дээр орших Испанийн хот бөгөөд 84 мянга гаруй хүн амтай. Тус хот Европ руу цагаачлах гэсэн хүмүүсийн хувьд чухал гарц болдог бөгөөд Марокко  Сеута болон Мелилла хотыг өөрийн газар нутаг хэмээн маргадаг. 

Сеутагийн гарцан дээр нэг иргэн нас баржээ

Дүрвэгчдийн тал гаруй хувийг нутаг буцаажээ

Сеута хотын газрын зураг

Эх сурвалж: CNN, BBC