БНСУ-ын цэрэг, цагдаа нар хуванцар саваар хийсэн эко дүрэмт хувцас өмсөхөөр болжээ

БНСУ-ын цэрэг, цагдаа нар хуванцар саваар хийсэн эко дүрэмт хувцас өмсөхөөр болжээ

Өмнөд Солонгосын Үндэсний батлан ​​хамгаалах яам ба Цагдаагийн ерөнхий газраас дахин боловсруулсан өнгөгүй хуванцар саваар хийсэн 12 мянган ширхэг дүрэмт хувцас худалдан авах гэрээ байгуулжээ. Энэхүү хувцаснууд нь улирал бүрт таарсан болон ажлын, энгийн, дүрэмт гэсэн төрлүүдээр хийгдсэн бөгөөд тус бүрийн үнэ нь 35,000 вон ба түүнээс доош аж.

Тус дүрэмт хувцасны нэг цамцыг хийхэд 12 ширхэг 500 миллилитрийн хуванцар сав эсвэл 2 литрийн таван сав шаардлагатай болжээ. Цаашлаад хувцас бүр тодорхой хэмжээний хуванцар саваар хийгдсэн байна. Энэ талаар БНСУ-ын Байгаль орчны сайд Хан Жонг Аэ "Энэ бол Засгийн газар болон орон нутгийн компаниуд хамтран хэрхэн байгаль орчноо хамгаалж болохыг харуулсан үлгэр жишээ ажил юм. Энэхүү ажлыг амжилттай хийж гүйцэтгэсэнээр нүүрстөрөгчийн давхар ислийг саармагжуулж, ногоон нийгмийг бий болгоход их хувь нэмэр болох болно” гэж мэдээлжээ.

Тус худалдааны гэрээг БНСУ-ын Байгаль орчны яам, Үндэсний батлан ​​хамгаалах яам, Үндэсний цагдаагийн газар болон Солонгосын нэхмэлийн үйлдвэрлэлийн холбоо хамтран байгуулсан бөгөөд талууд энэ сарын 15-нд гэрээнд гарын үсэг зуржээ.