Жо Байден: Путинд зүрх сэтгэл гэдэг зүйл байхгүй бөгөөд “алуурчин” гэж тодорхойлоход буруудахгүй

Жо Байден: Путинд зүрх сэтгэл гэдэг зүйл байхгүй бөгөөд “алуурчин” гэж тодорхойлоход буруудахгүй

Өчигдөр АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден ABC теле сувагт ярилцлага өгөхдөө “2020 оны ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнг өөрчлөхийг оролдсоныхоо төлөө ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин “шангаа хүртэнэ" гэж мэдэгджээ.

Үүнээс гадна “Би түүнийг мэднэ. Гадаад харилцаанд оролцоход улстөрчдийн хувь хүнийх нь мэдээлэл их чухал. Түүнд зүрх сэтгэл гэдэг зүйл байхгүй бөгөөд “алуурчин” гэж тодорхойлоход буруудахгүй” гэж мэдэгджээ.

Түүний энэхүү ярилцлагын дараа хоёр улсын хоорондох дипломат ажилчдыг эгүүлэн татах асуудал яригдаж эхэлсэн бөгөөд рублийн ханш огцом унасан талаар олон улсын хэвлэлүүд мэдээлж эхэлжээ.

Тодруулбал, Байдены энэ мэдэгдлийн дараа Москвагийн бирж дээр ам.доллар болон евротой харьцах рублийн ханш огцом унасан бөгөөд Москвагийн цагаар 14:25 минутад нэг ам.доллар 73.71 рубльтэй тэнцсэн нь 57.75 копейкоор өссөн үзүүлэлт ажээ. Евро 56 копейкоор өсөж, 87.68 рубльтэй тэнцсэн байна. Үүний зэрэгцээ үнэт цаасны зах зээл дээр РТС-ийн индекс 3.3 хувь, Москвагийн биржийн индекс 2 хувиар унасан нь 12 дугаар сарын дунд үеэс хойших хамгийн муу үзүүлэлт болжээ.

Мөн түүний дээрх мэдэгдлээс өмнө АНУ-ын үндэсний тагнуулын газар 2020 оны ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнг өөрчлөх оролдлогыг гадаадын ямар улс орнууд зохион байгуулсан талаар тайлан танилцуулсан юм.

Уг тайланд ОХУ өөрийн тагнуулын сүлжээг ашиглан Бүгд Найрамдах намаас нэр дэвшигч Дональд Трампыг сонгуульд ялуулахын тулд Ардчилсан намаас нэр дэвшигч Жо Байдены нэр хүндийг унагах ажиллагаа зохион байгуулсан талаар дурдагджээ. Тиймээс үүний эсрэг АНУ-аас ямар арга хэмжээ авахаар төлөвлөж байгаагаа Байден нууцалж байгаа юм. Байдены мэдэгдэлд Кремль одоогоор тайлбар өгөөгүй байна. Гэсэн хэдий ч Төрийн Думын дарга Вячеслав Володин Путиний талаар хэлсэн АНУ-ын Ерөнхийлөгчийн үгс нь "оросуудыг доромжилсон" гэж мэдэгджээ.

Эх сурвалж: Reuters