Франц, Герман, Италид “АстраЗенека” вакцины хэрэглээг зогсоосон ч ДЭМБ вакцинжуулалтаа үргэлжлүүлэхийг уриалав

Франц, Герман, Италид “АстраЗенека” вакцины хэрэглээг зогсоосон ч ДЭМБ вакцинжуулалтаа үргэлжлүүлэхийг уриалав

Энэ сарын 11-ний өдөр Итали, Дани, Норвеги, Исланд, Тайланд тэргүүтэй найман улс “АстраЗенека” вакцинаар иргэдийг дархлаажуулахыг түр хугацаагаар зогсоосон билээ. Тэгвэл тэдний араас Герман, Франц, Испани зэрэг улсууд урьдчилан сэргийлэх зорилгоор вакцинжуулалтыг зогсоогоод байна. 

Тус улсуудын зүгээс “АстраЗенека”  вакциныг  тариулсан  хүмүүсийн тодорхой  бүлэгт  цус нөжрөх буюу цус бөөгнөрөх шинж тэмдэг  илэрснийг үндэслэн уг шийдвэрийг гаргаад буй. Улмаар нарийн шинжилгээ, судалгааг бүрэн хийж, “аюулгүй” гэх хариу гартал түр хугацаагаар зогсоохоор болжээ. Харин ДЭМБ-ын зүгээс вакцин цусны өтгөрөлт үүсгэж буй хангалттай нотолгоо байхгүй тул улс орнуудыг вакцинжуулалтаа үргэлжлүүлэхийг уриалж байна. 

Улс орнууд ямар байр суурьтай байна вэ. 

Германы эрүүл мэндийн яам өчигдөр/2021.03.15/ “Пол Эрлих Хүрээлэн”(PEI)-гийн зөвлөмжийн дагуу АстраЗенека вакциныг шууд нэвтрүүлэхээ зогсоов. Тус улсын Эрүүл мэндийн сайд Йенс Спан "“АстраЗенека” вакцинтай холбоотой  тархины венийн тромбоз /цусны бөөгнөрөл/ үүссэн шинэ тохиолдол бүртгэгдсэн. Тиймээс Пол Эрлихийн хүрээлэн өнөөдөр нөхцөл байдлыг дахин шалгаж, нэмэлт шинжилгээ хийхийг зөвлөж байгаа учир вакцинжуулалтыг түдгэлзүүлж байна” гэжээ. 

Үүний дараахан Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон “Франц улс Европын эмийн агентлаг зөвлөгөө өгөх хүртэл вакцинжуулалтыг түдгэлзүүлж байна” гэж мэдэгдэв.

Мөн Италийн эмийн агентлаг улс орон даяар вакцины багц хэсгүүдэд тавьсан хоригийг сунгаж, Европын эмийн агентлагийн шийдвэрийг хүлээнэ гэж мэдэгдэв. Испанийн Эрүүл мэндийн сайд Каролина Дариас “АстраЗенека” вакцины хэрэглээг дор хаяж хоёр долоо хоногийн турш зогсоох шийдвэр гаргаад буй. Нидерланд ч мөн 3-р сарын 29 хүртэл уг вакцинаариргэдээ дархлаажуулах ажлыг зогсоогоод байна.

Вакцин хийлгэсэн хүмүүст цусны бүлэгнэл үүссэн хэд хэдэн тохиолдол бүртгэгдсэн. Тодруулбал, өнөөдрийн байдлаар Европ даяар 17 сая орчим хүн “АстраЗенека”-г хийлгэсэн бөгөөд 40 гаруй хүнд цус өтгөрөх шинж тэмдэг илэрчээ. Гэсэн хэдий ч шинжээчид эдгээр нь хүн амын дунд бүртгэгддэг цусны бүлэгнэлтийн тохиолдлын тооноос хэтрэхгүй байгаа тул тийм ч ноцтой асуудал биш гэсэн байр суурийг илэрхийлж байна. Вакцины асуудлаар Европын эмийн холбоо өнөөдөр хуралдаж эхэлсэн бөгөөд пүрэв гарагт дүгнэлтээ танилцуулах төлөвтэй байна. 

Одоогоор дараах улсууд АстраЗенека вакцины хэрэглээг түр хугацаагаар зогсоогоод байна. 

  • Герман
  • Франц
  • Исланд
  • Итали
  • Испани
  • Тайланд
  • Ирланд
  •  Португали
  •  Дани
  •  Норвеги
  •  Болгар
  •  Исланд
  • Австри
  • Эстон
  •  Литв
  •  Люксенбург
  • Латви
  • Словени зэрэг улсууд вакциныг түр хугацаагаар зогсоосон бол Бүгд Найрамдах Ардчилсан Конго, Индонез улсууд түгээлтээ хойшлуулаад байна. 

Мэдээллийг эх сурвалжаас ЭНД дарж үзнэ үү.

Эх сурвалж: BBC