Бээжинд үүсээд буй хүчтэй шуурганы улмаас нислэгүүд цуцлагдаж, түгшүүр зарлажээ

Бээжинд үүсээд буй хүчтэй шуурганы улмаас нислэгүүд цуцлагдаж, түгшүүр зарлажээ

Бээжин хотод өнөөдөр өглөөнөө эхлэн хүчтэй шороон шуурга шуурч, үзэгдэх орчин хязгаарлагдсаны улмаас хот даяар иргэдэд анхааруулах түгшүүрийн шар дохиог асааж, 400 гаруй нислэгийг цуцлаад байна.

Тодруулбал, Бээжин хотын Экологи орчны хяналтын төв өнөөдөр өглөө мэдээлэхдээ, “Агаарын хүйтэн урсгал болон Монгол Улсын циклон /хар салхи/ зэрэг шалтгааны улмаас Хятадын хойд бүс нутгуудад шороон шуурга орж ирнэ. Энэхүү шороон шуурга нь энэ жилийн хувьд хамгийн том, хүчтэйд тооцогдож байгаа бөгөөд элсний тоосонцор дахь PM10 хэмжээ нь нэг куб метр тутамд 10,000 микрограмм байна” гэжээ. Улмаар өнөөдөр өглөөний 9.30 цагийн байдлаар Бээжин хотын Капитал нисэх онгоцны буудлын 247, Дашинь нисэх онгоцны буудлын 181 нислэг тус тус цуцлагдсан байна. Мөн Бээжин хотыг тойрон орших Ганьсу, Шаньси, Хэбэй мужуудад ч шар түвшний түгшүүр зарласан байна.