Европын холбоо вакцин хандивлагч орнуудыг хэвлэлийн мэдээндээ дурдаагүйд бухимдав

Европын холбоо вакцин хандивлагч орнуудыг хэвлэлийн мэдээндээ дурдаагүйд бухимдав

Өнгөрсөн бямба гарагт/2021.03.13/ Монгол Улсын Гадаад харилцааны яамны албан ёсны вэб хуудас дээр “Олон Улсын вакцин хангамжийн КОВАКС хөтөлбөрийн хүрээнд Ковид-19 цар тахлын эсрэг вакцины эхний хэсгийг хүлээн авав” хэмээх гарчигтай мэдээ нийтлэгдсэн юм.

Мэдээний агуулгад “Ковакс хөтөлбөрийн хүрээнд манай улс AstraZeneca вакцинаас 14.400 тунг 2021 оны 3 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авсан. Вакцин хүлээн авах ёслолын арга хэмжээнд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Эрүүл мэндийн сайд С.Энхболд, ДЭМБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгч Сергей Диордица, НҮБ-ын Хүүхдийн сангийн Монгол дахь Суурин төлөөлөгч Алекс Хайкенс нарын албаны хүмүүс байлцсан” талаар өгүүлсэн юм. 

Тэгвэл уг мэдээг Европын Холбооны Монгол дахь төлөөлөгчийн газар өөрсдийн албан ёсны фейсбүүк хаягтаа “Харамсалтай нь хандивлагчдын талаар ганц ч үг алга” гэсэн тайлбартайгаар шейрлэж, ДЭМБ, МУ-ын Засгийн газар, НҮБ-ын Хүүхдийн санг "дурджээ"/mention/. 

Угтаа тухайн үед Гадаад харилцааны яамны сайд Б.Батцэцэг вакциныг хүлээн авсны дараа хандивлагч орнуудыг нэг бүрчлэн дурдаж, баярласнаа илэрхийлсэн юм. Харин Европын Холбооны Монгол дахь төлөөлөгчийн газрын зүгээс хэвлэлийн мэдээндээ дурдаагүйд нь сэтгэл гонсгор байгаагаа илэрхийлсэн бололтой.  

Европын Холбооны зүгээс КОВАКС хөтөлбөрт нэг тэрбум евро хандивласан бөгөөд үүний дийлэнх хэсгийг Герман улс гаргасан. Мөн АНУ 4 тэрбум, Их Британи 1 тэрбум ам доллар, Канад, Япон улсууд 200-400 сая доллар хандивлаад байгаа юм.