Өнгөрсөн долоо хоногт Их Британийн хааны гэр бүлийн гишүүн Сассексийн гүн Харри эхнэр Меган Марклын хамт Опра Уинфрийн зочноор уригдаж, ярилцлага өгсөн нь шуугиан тарьсан билээ. Хоёр цаг гаруй үргэлжилсэн ярилцлагын үеэр тэд хааны гэр бүлийн гишүүн байх үед ирж байсан дарамт, арьс өнгөөр ялгаварлан гадуурхах байдал, сэтгэцийн эрүүл мэнд, хэвлэл мэдээлэлтэй харилцах харилцаа хийгээд хүүг нь хүртэл арьс өнгөөр ялгаварлан гадуурхдаг байсан тухай ярьсан юм.
Уг ярилцлагын дараа хааны гэр бүл нэлээдгүй шүүмжлэлд өртсөн. Тэднийг шүүмжлэгчдийн нэг нь Францын "Charlie Hebdo" сэтгүүл байв. Гэсэн ч сэтгүүлийн зураг хэрээс хэтэрч олон хүний уур бухимдлыг төрүүлжээ.
Тодруулбал, сэтгүүлийн өнгөрсөн бямба гарагт хэвлэгдсэн дугаарт Их Британийн хатан хаан Елизавета, Меган Марклын хүзүүн дээр өвдөглөж буй байдлаар элэглэсэн зураг гарсан байна.
Уг зураг нь өнгөрсөн жил АНУ-д цагдаагийн албан хаагч, өнгөт арьс Жорж Флойд хэмээх эрийн хүзүүн дээр нь өвдөглөж, аминд нь хүрсэн хэргээс санаа авсан нь илт байсан юм. Жорж Флойд нас барахаасаа өмнө “Би амьсгалж чадахгүй байна” гэж хэлдэг. Тэгвэл хааны гэр бүлийг элэглэсэн шог зурагт ч Меганыг “Би амьсгалж чадахгүй байна” гэж хэлж буй өгүүлэлтэйгээр дүрсэлжээ.
Тус дугаар нийтлэгдсэний дараа олон нийт "Charlie Hebdo" сэтгүүлийн редакцыг хааны гэр бүлээс уучлалт гуйхыг шаардсан юм. Харин сэтгүүлийн зүгээс ямар нэгэн хариу, тайлбар хийгээгүй байна. 1970 оноос хойш үйл ажиллагаагаа явуулж буй долоо хоног тутмын уг хэвлэл нь улс төрчид, олон нийтийн зүтгэлтэн, шашны бэлгэдлүүдийг зоригтой элэглэдгээрээ алдартай. 2015 онд Мохаммедийг элэглэсний дараа алан хядагчид уг сэтгүүлийн байрт халдаж 12 хүн аминд хүрч байсан юм.
Эх сурвалж: CNN