ВИДЕО: Маск зүүх журмыг цуцалсан Техас мужийн банкаар амны хаалтгүй үйлчлүүлсэн эмэгтэйг баривчилжээ

ВИДЕО: Маск зүүх журмыг цуцалсан Техас мужийн банкаар амны хаалтгүй үйлчлүүлсэн эмэгтэйг баривчилжээ

Техас мужийн захирагч өнгөрсөн долоо хоногоос эхлэн иргэддээ амны хаалт зүүх шаардлагагүй гэсэн уриалгыг гаргаж ерөнхийлөгч Жо Байдены дургүйцлийг хүргээд байсан. Тэгвэл энэхүү шийдвэр хэрэгжиж эхэлснээс нэг өдрийн дараа нэгэн эмэгтэй амны хаалтгүй банкаар үйлчлүүлж байгаад цагдаа нарт баригдаж, гавлуулжээ.

-ЦАГДАА НАР ТҮҮНД ТАВАН УДАА АМНЫ ХААЛТ ЗҮҮХ ШААРДЛАГА ТАВЬСАН Ч
БИЕЛҮҮЛЭЭГҮЙ ТУЛ ШАЛАН ДЭЭР УНАГААН ГАВЛАЖЭЭ-

Тодруулбал, “Bank of America” банкны Техас дахь салбарт 65 настай Терри Райт гэх эмэгтэй амны хаалтгүй явж байтал цагдаа нар түүнээс нэн даруй амны хаалт зүүхийг шаарджээ. Камерын бичлэгт үлдсэнээр өөрсдийнх нь шаардлагыг биелүүлэхгүй байгаа Райтыг цагдаа нар нийт таван удаа банкнаас гаргахыг оролдсон байна. Бичлэг дээр гарсан нэгэн офицер "хэрэв бид чамайг эндээс гар гэвэл чи гарах ёстой, бидний шаардлагыг биелүүлэх ёстой гэж хэлэхэд Райт "миний мөнгө энэ банкинд байгаа, би мөнгөө авах гэж ирсэн” хэмээн хариулж байгаа нь үлдсэн байна.

Мөн тэрээр мужийн захирагчийн гаргасан уриалгыг цагдаа нарт хэлж байсан ч захирагч Грег Абботтын гаргасан шийдвэр нь цаашлаад улс даяар зөвшөөрөгдөөгүй, зүй бус шийдвэр учраас түүнийг дагасан иргэдэд үйлчилгээ үзүүлэхээс татгалзаж болно гэж офицер сануулжээ. Удалгүй тэдний маргаан хурцаж, банкинд нэлээн их үймээн шуугиан дэгдсэн байна.

Бичлэг дээр түүнийг шалан дээр унагаан гавлаж байгаа нь үлдсэн бөгөөд Райт бага зэргийн гэмтэл авсан тул ойролцоох эмнэлэгт эмчлүүлж байгаа гэж албаныхан мэдээлжээ.

Мөн тэрээр хэвлэлд мэдээлэхдээ “би өнгөрсөн хугацаанд Техас даяар чөлөөтэй явж байсан. Надад маск зүүгээгүй гэсэн асуудал хэзээ ч гарч байгаагүй. Хотын захирагч ч үүнийг хэвийн зүйл гэж хэлсэн. Би “КОВИД-19” тахалд итгэдэггүй. Би амны хаалт зүүхгүй байх бүрэн эрхтэй” гэж ярьсан байна.

-ТЕХАС МУЖИЙН ЗАХИРАГЧ ГРЕГ АББОТТ АМНЫ ХААЛТ ЗААВАЛ ЗҮҮХ ЖУРМЫГ
ӨНГӨРСӨН ДОЛОО ХОНОГООС ЭХЛЭН ЦУЦАЛЖЭЭ-

АНУ-ын Техас муж өнгөрсөн долоо хоногоос эхлэн амны хаалт заавал зүүх журмыг цуцалж, бизнесүүдээ бүрэн хүчин чадлаараа ажиллахыг зөвшөөрөхөөр болсон талаар тус мужийн захирагч Грег Абботт мэдэгдсэн юм.  

Тэрээр “Техасыг 100 хувь нээх цаг нь болжээ. Хэтэрхий олон хүн ажилгүй болж, хэтэрхий олон бизнесүүд хаалгаа барьж байна. Цар тахал алга болоогүй ч үүнд төрийн зохицуулалт шаардлагагүй болж байна гэж үзэж байна” хэмээн хэлжээ.

Грег Абботт өнгөрсөн долдугаар сард дээрх шийдвэрээ танилцуулаад намынхаа гишүүдээс томоохон шүүмжлэл хүлээж байсан юм. Харин зарим шинжээчид түүний энэхүү мэдэгдлийг улс төрийн зорилготой байж болзошгүй хэмээн хардаж байгаагаа мэдэгдсэн. Учир нь  Абботт Дональд Трампын хөл хорионы асуудалд харьцангуй чөлөөтэй хандах хандлагыг дэмждэг нэгэн бөгөөд Жо Байдены нухацтай шийдвэрүүдийг энэхүү мэдэгдлээрээ эсэргүүцэж байж болзошгүй байгаа юм. Харин Ерөнхийлөгч Жо Байден covid-19-ийг даван гарахын тул тодорхой хязгаарлалт, халдвар хамгааллын дэглэмийг сахих нь чухал болохыг мэдэгдсээр байгаа. АНУ-ын хувьд цар тахлын улмаас 500 гаруй мянган хүн нас бараад байгаа юм.

Харин уг явдлын дараа Галвестон хотын цагдаагийн газраас тус хэлтэс иргэдээ амны хаалт заавал зүүхийг албадахгүй байгаа гэсэн мэдэгдэл гаргажээ.