Монгол Улсын гурван иргэн АНУ-д ял эдэлж байгаагаас нэг нь өчигдөр суллагджээ

Монгол Улсын гурван иргэн АНУ-д ял эдэлж байгаагаас нэг нь өчигдөр суллагджээ

Манай улс 2020 оны тавдугаар сарын 8-ны өдөр Эрүүгийн ял шийтгэлийг гадаад улсад эдлүүлэх тухай Америкийн улсууд хоорондын конвенцыг соёрхон батлах асуудлыг хэлэлцэн дэмжсэн. Энэхүү конвенцод 21 улс нэгдэн орсон бөгөөд нэгдэн орсноор бусад улс орнуудтай ялтан солилцох боломж бүрдэх юм.

Тус хуулийн төслийг хариуцсан ажлын хэсгийн мэдээлснээр Монгол Улс өнөөдрийн байдлаар 36 оронтой эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа үзүүлэх, ял эдлэх хүмүүсийг шилжүүлэх гэрээнд гарын үсэг зуржээ.

2020 оны 1-р улирлын байдлаар манай улсын гурван иргэн АНУ-д, зургаан иргэн Казахстанд, нэг иргэн Чехэд ял эдэлж байгаа бол 17 иргэнийг АНУ, Чех улсад гарсан гэмт хэрэгт холбогдуулан шалгаж байна. Харин манай улсад АНУ-ын нэг иргэн ял эдэлж байгаа бол үүссэн гэмт хэрэгт  АНУ, Канад, Бүгд Найрамдах Казахстан Улсын 3 иргэнийг холбогдуулан шалгаж байгаа юм.

Өчигдөр манай улсаас АНУ-д суугаа элчин сайд Ё.Отгонбаяр өөрийн твиттер хуудсаараа дамжуулан “АНУ-д 12 жил хоригдсон манай улсын нэг иргэн суллагдаж байна. Удахгүй нутаг буцна” хэмээн жиргэсэн нь олон хүний анхаарлыг татсан. Тус иргэний ээжийнх нь бие хүнд байгаа тул элчин сайд хөөцөлдсөөр суллагдах хугацаанаас нь дөрвөн жилийн өмнө гаргажээ. Тэгвэл одоогоор АНУ-д манай улсын хоёр иргэн ял эдэлж байгаа бөгөөд бидэнд олдсон мэдээллээр хамгийн олон жилийн ялыг хүчингийн хэрэгт холбогдсон нэгэн монгол залуу авсан байна.

-ТЭРЭЭР МЭС ХЭРЭГЛЭН БУСДЫГ АЙЛГАН СҮРДҮҮЛЖ, ХЭРГИЙН ГАЗРААС ОРГОН ЗАЙЛАХ ОРОЛДЛОГО ХИЙЖЭЭ-

Энэ явдал 2001 онд болсон бөгөөд хэрэгт холбогдсон манай улсын иргэн Г 2002 онд шүүхээс ял сонсжээ. Тэрээр хар тамхи, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 24 настай эмэгтэйд хүч хэрэглэсэн хэрэгт буруутгагджээ.

Шүүхийн танхимд хэлсэн үгэндээ “би хийсэн хэрэгтээ маш их харамсаж байна. Их хэмжээний согтолттой байсан тул юу ч санахгүй байна. Цаашдаа засарч, хүмүүжихийн тулд хичээх болно” гэж мэдэгдсэн байна. Г 1996 онд Питтсбургт балетын театрт бүжиглэхээр иржээ. Тэрээр Америкад хөл тавихдаа дэлхийд алдартай бүжигчин болно гэсэн мөрөөдлийг тээсээр ирсэн байна. Гэсэн ч хүчингийн хэрэгт холбогдож шалгагдах явцад нь бусад хууль бус үйлдлүүд нь илэрч ялын хэмжээ нь нэмэгджээ. Тэрээр 900 гаруй долларын үнэтэй хуурамч чек үйлдэж, бусдыг хууран мэхлэх замаар хулгай хийсэн нь тогтоогджээ. Мөн хорих анги руу явж байх хугацаандаа оргон зайлах оролдлого хийж, харгалзаж явсан эмэгтэй офицерийн нүдийг хайчаар зүснэ гэж сүрдүүлсэн байна. Тиймээс түүний ялыг хүндрүүлж 15-30 жилийн хорих ялаар шийтгэсэн байна.

Хэргийг тодруулбал, 2001 оны есдүгээр сарын 7-нд монгол улсын иргэн болох Г нь салсан найз охиныхоо гэрт өөр нэгэн эмэгтэйд хутга тулган, хүч хэрэглэжээ.

Эмэгтэй хүний орилох дуунаар хөршүүд нь цагдаа дуудсанаар Г дөрвөн давхарын цонхоор үсрэн гарч зугтахыг оролджээ. Харин удалгүй Г-г цагдаа нар толгой нь хагарсан байдалтай хэвтэж байхад нь олж, яаралтай тусламжийн төвд хүргэсэн талаар тухайн үед гадны хэвлэлүүд мэдээлж байсан юм.

-НОТЛОХ БАРИМТ ХУУРАМЧААР ҮЙЛДЭЖ, ХОЛБООНЫ ШҮҮХЭД ХУДАЛ МЭДҮҮЛЭГ ӨГСӨН ХЭРГЭЭР МӨН НЭГ ИРГЭН ЯЛ СОНСЖЭЭ-

Өнгөрсөн 2016 онд мөн нэгэн монгол иргэн байнга оршин суу зөвшөөрөл авахын тулд хуурамч гэрлэлт зохион байгуулсан, нотлох баримт хуурамчаар үйлдсэн хэрэгт буруутгагдаж ял сонсжээ. Холбооны шүүхээс монгол улсын иргэн Э-г хуурамч нотлох баримт үйлдсэн, АНУ-ын засгийн газрын Гүйцэтгэх албанд худал мэдүүлэг өгсөн гэсэн хоёр зүйл ангиар ялласан байна.  Хуурамч нотлох баримт үйлдсэн тохиолдол бүрт 20 хүртэлх жилийн хорих ял оноодог бол хуурамч мэдүүлэгт дээд тал нь таван жилийн ял оноодог ажээ. Үүнээс гадна АНУ-д монгол улстай холбоотой үүсдэг түгээмэл хэргүүдийн нэг нь динозавр, батаар, үлэг гүрвэлийн олдворуудтай холбоотой хэрэг байдаг бөгөөд АНУ-ын цагдан хорих төвийн цахим хуудсанд эл хэргүүдтэй холбоотой олон мэдээ, мэдээлэл байдаг аж.