Нийтийн тээвэрт парк шинэчлэлт хийх зорилгоор өнгөрсөн оны зургадугаар сараас нийслэлд цахилгаан автобуснуудыг туршилтаар явуулж эхэлсэн билээ.
-ӨНГӨРСӨН ОНД ЦАХИЛГААН БОЛОН ХОЁР ДАВХАР АВТОБУС ХУДАЛДАН АВААГҮЙ-
Тухайн үеийн нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан “Эдийн засаг, экологид ээлтэй, иргэдийг ая тухтай зорчих нөхцөлийг бүрдүүлсэн, өвөл цантахгүй зэрэг олон давуу талтай хоёр давхар автобусыг ашиглах нь хотын бидний давуу тал. Эхний удаад ийм төрлийн 10 автобус орж ирсэн. Ирэх жил 40 ширхгийг урд хөршөөс авна. Нийтийн тээврийн үйлчилгээг хөгжүүлэхийн тулд олон ажил хийж байна” гэж мэдээлж байв.
Мөн “Зорчигч тээвэр гурав” ОНӨААТҮГ-ын дарга асан Б.Цолмон өнгөрсөн оны зургадугаар сард өгсөн нэгэн ярилцлагадаа “Цахилгаан автобуснуудыг ажиллуулж жил гаруйн хугацаанд 48 мянган километрт туршилт хийсэн” хэмээж байв. Харамсалтай нь, тэд бусдын л адил иргэдээ мэхэлж, нийслэлчүүдийг үл тоожээ.
Цахилгаан болон хоёр давхар автобус нийслэлийн замаар явахгүй, нийтийн тээвэрт үйлчлэхгүй байгааг иргэд анзаарсан байх. Холбогдох албаныхан нь туршилт хийгдээд дууссан хэмээн жил гаруйн өмнө мэдэгдчихсэн атал автобуснууд хаашаа алга болов.
Энэ талаар нийслэлийн Нийтийн тээврийн газрынхнаас тодруулахад “Бидэнд мэдээлэл алга. Энэ талаар “Зорчигч тээвэр гурав” ОНӨААТҮГ-ын мэднэ. Туршилт нь дууссан” гэв.
Уг нь нийслэлийн хэмжээнд үйлчилгээнд явж буй автобусны талаарх мэдээллийг эл байгууллагынхан цаг алдалгүй мэдээлж, бусдад түгээх үүрэгтэй. Харамсалтай нь “Холбогдох мэдээлэл нь бидэнд ирээгүй байна” гэх хариулт өгөх жишээний.
Тэгвэл цахилгаан болон давхар автобусыг хариуцан ажиллаж буй гэх “Зорчигч тээвэр гурав” ОНӨААТҮГ-ын дэд захирал н.Амартүвшингээс тодруулахад “Автобуснуудын туршилтын хугацаа дууссан учир БНХАУ руу буцаасан. Өвөл, зун, хавар, намар гээд бүхий л улиралд манай улсад тохирох, эсэхийг нь шалгасан юм. Туршилт дууссан учир худалдан авахаар болсон. Энэ сарын сүүлээр БНХАУ-аас 46 автобус импортлоно. Тэдгээрийг ирэх сараас үйлчилгээнд явуулж эхэлнэ. Хоёр давхар 10, цахилгаан 36 автобус бий” гэв. Уг нь өнгөрсөн онд эдгээрийн худалдан авсан хэмээн мэдээлж байсан юм. Харамсалтай нь энэ онд л ажил хэрэг болох аж.
-2020 ОНЫ ОРОН НУТГИЙН СОНГУУЛЬ ЭХЛЭХЭЭС ДӨРВӨН САРЫН ӨМНӨ ЦАХИЛГААН АВТОБУСЫГ ҮЙЛЧИЛГЭЭНД НЭВТРҮҮЛСЭН-
Өнгөрсөн оны орон нутгийн сонгууль эхлэхээс дөрвөн сарын өмнө буюу 2020 оны зургаадугаарсараас цахилгаан, долдугаар сараас хоёр давхар автобус үйлчилгээнд явж эхэлсэн. Тухайн үед иргэд ч ам сайтай байж, нийслэлийн удирдлагууд багагүй “оноо” цуглуулаад амжсан. Тэд бүгд л дээрх автобуснуудыг худалдан авсан бөгөөд 20 хувийг нь улсын төсвөөс гаргаж, үлдсэнийг нь Монголын хөгжлийн банкны DBM Leasing компани болон Хятадын хөгжлийн банкны санхүүгийн зургаан жилийн хугацаатай зээлийн эх үүсвэрээр гаргуулсан гэж байв. Хэрэв ийнхүү худалдаж авсан нь үнэн бол дээрх автобусыг урд хөрш рүү яагаад буцаах болов.
-ХОЁР ДАВХАР, ЦАХИЛГААН АВТОБУСНЫ НЭГ БҮРИЙН
ҮНЭ НЬ 200,000 АМ.ДОЛЛАР-
Давхар автобусны нэг бүрийнх нь үнэ 200,000 нэг давхар нь 140,000 ам.доллар. Хоёр давхар, эко автобус нь 100 хувь цахилгаанаар ажилладаг бөгөөд нэг удаагийн цэнэглэлтээр 400 км явах хүчин чадалтай юм.Эхний ээлжид давхар эко автобус 10, энгийн цахилгаан автобус 36, цэнэглэх төхөөрөмж 15, эрчим хүчний дөрвөн дэд станц худалдан авч, парк шинэчлэлт хийхээр болсон. Тэд өнгөрсөн онд эдгээрийг туршиж үзсэн хэмээн мэдэгдэж энэ онд нийтийн тээвэрт 300 автобусаар “цус сэлбэж”, хүүхдийн 200 автобусыг үйлчилгээнд явуулж, хоёр давхар автобус, зориулалтын стандартад нийцсэн 1000 таксиг үйлчилгээнд нэвтрүүлнэ хэмээн нийслэлийн удирдлагууд ам гарсан. Харин туршилт дууссаны дараа урд хөршид буцаан өгөх талаараа ам нээгээгүй юм.