Т.Чимгээгийн нөхөр С.Бямбасүрэн: Охин минь ээжийгээ ламд үзүүлэх гэж яваад осолд орж амиа алдсан

Т.Чимгээгийн нөхөр С.Бямбасүрэн: Охин минь ээжийгээ ламд үзүүлэх гэж яваад осолд орж амиа алдсан

С.Зориг агсны амь насыг хөөсөн хэрэгт буруутгагдан 20 жилийн ял эдэлж буй Т.Чимгээ Хууль зүй, Дотоод хэргийн сайд Х.Нямбаатарт хүргүүлсэн өргөдөлдөө /2021.03.10/ хоёр асуудлыг хөндсөн байдаг.

Тодруулбал, нэгдүгээрт, “Тэрэлж зочид буудалд миний эрхийг бүдүүлгээр зөрчиж хийсэн бичлэгээс хэсэгчилж, бүдэгрүүлж олон нийтэд мэдээлэх”, хоёрдугаарт “Намайг хэлмэгдүүлж хорьсноос хойш яг нэг жилийн дараа том охин маань автын осолд орж өнгөрсөн гэдэг. Тэгэхээр энэ хэргийг дахин шалгуулах хүсэлтэй байна” гэсэн агуулгыг өргөдөлдөө дурдсан байгаа юм. Энэ сарын 08-ны өдөр /2021.03.08/ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хорих 401-р ангид очиж Т.Чимгээтэй уулзсан. Тус уулзалтын үеэр Т.Чимгээ мэдээлэл өгөхдөө ч “Охин минь нас барсан нь миний хэрэгтэй холбоотой гэж хардаж байна” гэсэн юм. Тэгвэл тус авто ослын хэргийн талаар Т.Чимгээгийн нөхөр С.Бямбасүрэнтэй бид ярилцлаа. 

ҮЗЭХ: 

С.Бямбасүрэн

-ОХИН МИНЬ МАШИНЫ УРД ЦОНХООР ШИДЭГДСЭНИЙ УЛМААС ТАРХИ НЬ ГЭМТЭЖ НАС БАРСАН -

-Таны том охин 2016 онд авто ослоор нас барсан. Осол гардаг өдөр чухам ямар үйл явдал болсон бэ?

-Миний охин X хороололд үсчний зориулалтаар объект түрээсэлж тэндээ үсчин, гоо сайханчдыг ажиллуулсан. Ингээд хоёр хоногийн дараа шинэ ажилчидтайгаа танилцах журмаар Сэлэнгэ аймаг руу салхинд гарахаар явсан юм. Тэгэнгээ ээжийнхээ асуудлыг тэндхийн сайн үзэж хардаг лам, үзмэрчид үзүүлэх бодолтойгоо надад хэлсэн. Би “Тэгээ миний охин” гэсэн.

Мөн Сэлэнгэд очоод ээж модонд мөргөнө гэж байсан. Чимгээг баривчлагдахын өмнөх жил бид гэр бүлээрээ ээж модонд очиж мөргөсөн байсан юм. Баригдсан жил нь манай охин ганцаараа очиж мөн мөргөсөн. Ингээд гурван жил очих ёстой гэдэг үүднээс охин маань тийшээ явж байсан. Осол наймдугаар сарын 12-ны шөнө 00.30 цагийн үед болсон гэх дүгнэлт гарсан юм.

Уг нь наймдугаар сарын 11-ны өглөө 11.00 цагт Улаанбаатараас гарна гэж байсан ч 18.00 цагийн үед над руу залгаад “За одоо гарч байна шүү ааваа” гэсэн. Би “Юун орой гардаг юм. Болихгүй юм уу” гэсэн чинь “Өнөөдөр гарчихье өө” гэж хэлээд л явсан. Шөнийн 23.00 цагийн үед нөхөртэйгээ яриад “Дархан өнгөрөөд явж байна” гэж хэлсэн байсан. Ингээд л удалгүй осол болсон байдаг. Сэлэнгэ рүү таван бүсгүй явна гэж байгаад гурав нь явсан юм байна лээ. Манай охин жолоочийн дэргэдэх урд талын суудалд сууж яваад осол болоход урд цонхоор шидэгдсэний улмаас тархи нь хүнд гэмтэж газар дээрээ өнгөрсөн.  

-Тухайн үед машиныг ямар жолоодож байсан юм бэ?

-Хамт ажилладаг Эрдэнэбаяр гэж бүсгүй жолоо барьж явсан. Унаж явсан Приүс 10 машин нь ард нь сууж явсан бүсгүйн ахынх гэдэг мэдээлэл байдаг. Эрдэнэбаяр ярихдаа “Машины mp ийг янзлах гээд доош тонгойтол замын хажуугийн хашлага мөргөж, жалга руу орсон” гэдэг. Би хэргийн газарт нь очиж чадаагүй. Осол гардаг өдрийн маргааш өглөө 10.00-11.00 цагийн үед нөхөр нь над руу залгаад “Миний утас руу нэг ийм хүн залгаад Өнөрцэцэгийг өнгөрчихлөө гэж хэлээд байна” гэсэн. Би ч хаанаас, юун хүн залгаад байгааг нягталж үзтэл “Сэлэнгэ аймгийн цагдаагийн газраас ярьж байна. Авто ослоор өнгөрсөн” гэж хэлсэн. Ингээд л би ах, дүү нартаа мэдэгдсэн. Сэлэнгэд очиход задлан шинжилгээнд оруулахаар намайг хүлээж байсан.

С.Бямбасүрэн

-Сэлэнгийн цагдаад шалгасан юм байна. Шалгалтын үйл явц хэрхэн болж өнгөрсөн бэ?

-Саруул хэн билээ, ахлах дэслэгч цолтой Сэлэнгийн цагдаа анх байцаагчаар ажилласан. Хоёр ч удаа надтай биечлэн уулзаж байсан. Дараа нь тэр байцаагч Орос руу мэргэжил дээшлүүлэхээр яваад өөр байцаагч хэргийг нь дааж авсан. Сүүлийн байцаагч нь надтай нэг л удаа уулзсан. Х дугаар хороололд надтай уулзахдаа осол гарах үед машин жолоодож явсан Эрдэнэбаяртай зэрэгцээд суусан байсан. Би ард талын суудал дээр суугаад “Чи хохирогч юм уу, би хохирогч юм уу” гэж хэлсэн. Учир нь Эрдэнэбаяр надтай эвгүй харилцаа үүсгэсэн. Тэгэхэд байцаагч нь машинаас буугаад “Та буугаад ир” гэсэн. Буугаад уулзсан чинь “Ийм хүнийг та шоронд явуулах гээд байгаа юм уу” гэж асуусан.

Миний хувьд тэр хүний буруу байсан, байгаагүй хамаагүй тэр охиныг шоронд явуулж айлын амьдралыг сүйрүүлэхийг хүсээгүй. Хийгээгүй хэргийн бурууг үүрч миний эхнэр зовж байхад бас нэг эмэгтэйг шоронд явуулаад яах билээ гэж бодоод гомдолгүй гэсэн. Эрдэнэбаяр ээж, охинтойгоо хашаа, байшин хөлсөлж амьдардаг байсан нь гомдолгүй гэж хэлэхэд бас нөлөөлсөн. Яг шүүх хуралд нь ах нь оролцоогүй. Учир нь өөрөө энд байцаагддаг байсан юм. Тэгээд л бичгээр гомдолгүй гэдгээ илэрхийлээд шүүхэд өгсөн. Шүүх хурал болдог өдөр ч Эрдэнэбаяр надтай их муухай харьцсан. “Вокзал дээр ирчихсэн байна. Шүүх хуралд явах юм уу, үгүй юм уу” гээд чанга дуугаар надтай ярьсан.  Шүүхээс Эрдэнэбаярт тэнсэн харгалзах ял өгсөн.

-Таниас уучлалт гуйсан уу?

-Надаас уучлалт гуйсан. Тэр үед нь би өрөвдөж байсан. Охин минь босоод ирэх биш дээ гэсэн бодлоор уучилсан. “Удаан хугацааны уулзалт”-ын үеэр Чимгээ бид хоёр энэ тухай ярилцаж л байсан. Гэхдээ суллагдсаныхаа дараа ослын хэргийг дахин хөөцөлдье гэж ярилцсан байсан. Бид хоёрт ямар нэгэн байдлаар хажуу талаас нь янз бүрийн юм болсон байж болзошгүй гэсэн хардалт байгаа юм.

С.Бямбасүрэн

-ТУХАЙН ҮЕД МИНИЙ УТСЫГ ЧАГНАЖ, ТАГНАДАГ БАЙСАН. ОХИН БИД ХОЁР ДЭЭР ГҮЙЦЭТГЭХ АЖИЛЛАГАА Ч ЯВУУЛСАН БАЙСАН УЧРААС ХАРДЛАГА БИЙ-

-Охины тань нас барсан осол гадны нөлөөтэй байх өөр хардалт танд бий юу?

-Нэг хардах үндэслэл бий. Тодруулбал, тэр үед утсыг минь маш их чагнадаг байсан. Тиймээс утасны яриа чагнаад замд нь янз бүрийн юм болсон болов уу гэж харддаг. Учир нь охин, бид хоёр дээр гүйцэтгэх ажиллагаа явагддаг байсныг бүр сүүлд шүүх хурлын үеэр мэдсэн. Охин маань аавтайгаа хамт хэрэг хөөцөлдөж хамт явдаг байсан шүү дээ. Тулж, түших охин минь байсан. Эгчийгээ нас барах үед хоёр бага хүүхэд маань оюутан байсан. Охиныхоо шарилыг Сэлэнгээс авчирч алтан хайрцгийг нь нээлгэсэн өдрөөс эхлэн буяны ажилд нь ээжийг нь оролцуулахаар хөөцөлдсөн.

Бид хүсэлт бичээд өмгөөлөгчөөр дамжуулан Тагнуулын ерөнхий газарт өгсөн. Гэтэл хоёр хоногийн дараа Тагнуулаас над руу залгаад “Бямбасүрэн гуай та Чимгээтэй уулз” гэж хэлсэн. Тэр үед өдрийн 15.00 цаг болж байсан. Гэтэл хорих анги 17.00 цагт таван минут дутуу байхад хаалгаа барьдаг. Тиймээс би “Амжихгүй юм байна. Маргааш уулзъя” гэхэд “Яг өнөөдөр яв. Би хэлчихье. Хүрч ирж бичгээ ав” гэсэн. Ингээд л би түгжирч явж, явж Тагнуулын ерөнхий газар орж УУЛЗАХ зөвшөөрлийн бичгээ аваад Төв аймаг руу явсан. Очиход бараг 18.00 цаг болж байсан. Тэнд 15 минут уулзах эрхтэй. Тэгсэн намайг тэнд гурван цаг хүлээлгэсэн. Явах гэхээр “Байж бай” гээд явуулахгүй. Ингээд уулзахаар боллоо. Гэтэл хянагчид Чимгээг дагуулж ирэх замдаа “Танай аль охин чинь өнгөрсөн юм” гэж асуусан байсан.

Уг нь би хүндхэн байхад нь эхнэртээ хэлэхгүй гэж бодож байсан юм. Тэгээд Чимгээ гадарлачихаад надтай уулзаад л шууд уйлж эхэлсэн. Надаас “Хэн өнгөрсөн юм” гэж асуусан. Би “Үгүй ээ. Өмгөөлөгчийн охин өнгөрсөн" гэж хэлэхэд итгэхгүй шалаад. Сүүлдээ би “Ингэж хандаж буй хүмүүс хэзээд дарамтлаад хэлэх юм байна. Тиймээс би өөрөө хэлчихээд, тайвшруулаад явъя” гэж бодоод үнэнг хэлсэн. Энэ бүхнээс хардалт төрдөг. Охиныхоо алтан хайрцгийг нээлгэснээс хойш долоо хоногийн дараа оршуулсан шүү дээ.

С.Бямбасүрэн

-Эрдэнэбаяр болон хойд суудалд сууж явсан бүсгүй ослын талаар танд өөр ямар мэдээлэл хэлсэн бэ?

-Эрдэнэбаяр өөрөө зүгээр өнгөрсөн. Харин хойд суудалд суусан охин тухайн үед хаалганд чирэгдээд одоо нурууны гэмтэлтэй. Би хайж, хайж тэр охинтой уулзсан. Тэгэхэд “Нөгөө Эрдэнэбаяр энд салонд ажиллаж байгаа шүү” гэж хэлсэн. Тэгээд би Эрдэнэбаяртай уулзахаар тэр салон руу нь ороод үүдний угтагчаас нь асуухад “Дотор байгаа. Дуудаадахъя” гэж хэлсэн. Тэгснээ удалгүй “Гараад явчихсан байна” гэж хэлсэн. Эрдэнэбаяр намайг камераар хараад зугтсан юм шиг байна лээ. Тэгээд дахиж надад олдоогүй. Машиныхаа төлбөрийг ч хийгээгүй юм байна лээ. Гэхдээ төлбөрийн асуудал бидэнд ямар хамаа байх вэ. Осол гарсны дараа Эрдэнэбаяр охин дээр минь очоод татахад амьсгал хураасан байсан гэж надад хэлсэн.

-Эмнэлгийн тусламж авах ямар ч боломжгүй байсан уу?

-Утас нь сүлжээ барихгүй байсан гэж Эрдэнэбаяр ярьдаг.

С.Бямбасүрэн

-ЧИМГЭЭГ ӨМГӨӨЛӨГЧТЭЙ ХАМТ СУУЛГАЖ БАЙГААД “НҮГЭЛ НҮДЭЭР ЧИНЬ ГАРНА ГЭДЭГ ЭНЭ ЮМ” ГЭЖ ХЭЛСЭН-

-Чимгээ эгчийг байцаахдаа байцаагч нь “Нүгэл чинь нүдээр чинь гарч охин чинь нас барж байгаа юм” гэж хэлсэн гэдэг?

-Намайг очиж уулзсаны маргааш нь Чимгээг дуудаж ирээд “Нүгэл чинь нүдээр чинь гарна гэдэг энэ” гэсэн байгаа юм. Бүр өмгөөлөгчийн дэргэд тэгэж хэлсэн байдаг шүү.

-Хэргийг дахин шалгуулахаар өргөдөл, хүсэлтээ өгчихсөн үү?

-Чимгээ Ерөнхий сайд, Хууль зүйн сайдтай уулзахдаа хэлсэн. Харин би Чимгээтэй уулзаагүй байна. Хугацаа нь болохоор л уулзана шүү дээ. Боломж олдсон дээр нь хэргийг сэргээн шалгуулъя гэж бодсон байх.

-Талийгаач охины тань хүү одоо хэдэн настай вэ. Хэнтэй амьдарч байна?

-Одоо тавдугаар анги. Надтай хамт амьдарч байна. Би л өсгөсөн дөө. Миний ээж 89 нас хүрч байна. Нуруу нь өвдөөд маш зовиуртай, заримдаа мөлхөнө. Тийм мөртлөө охины маань хүүд амь. Хүүгийнхээ төлөө л амьдардаг. Манай хүргэн ч мөн хамт амьдарч байгаад өнгөрсөн жил тусдаа гарсан.

-Эхнэрийн тань хэрэг яаж шийдэгдээсэй гэж та хүсч байна?

-Үнэн зөвийг тогтоож нааштайгаар шийдэгдээсэй гэж хүсч байна. Аймшигт хардалт, сэрдэлттэй байна. Хүнд итгэх итгэлгүй болсон. Сайн ах, дүүгийн буянаар л явна даа. Чимгээг баривчлаад авч явсны дараа ах нь гэр орноо зараад бүх хүүхдүүдээ аваад Улаанбаатарт ирсэн.

-Х.Нямбаатар сайд тантай уулзсан уу?

-Надтай уулзаагүй. Би хүсэлт гаргаж уулзана гэж төлөвлөж байна.

-Ярилцсанд баярлалаа.