Шүүхээс УИХ-ын гишүүн асан Б.Ундармааг улс төрд нөлөө бүхий этгээд албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө буюу бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэгт хатгагчаар хамтран оролцсон гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 6 жилийн хугацаагаар хасаж, 40 сая төгрөгөөр торгосон.
Гэтэл Улсын Дээд шүүхээс дээрх шийдвэрийг хүчингүй болгож хэргийг давж заалдах шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасан юм. УИХ-ын гишүүн асан Б.Ундармаа нь Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас "Доктор МЭИК" компаниараа дамжуулан 700 сая төгрөгийн зээл авсан хэрэгт холбогдоод байгаа билээ.
Тэгвэл тэрбээр энэ тухай сэтгүүлч Б.Ганчимэгтэй хийсэн ярилцлагадаа дэлгэрэнгүй тайлбарлажээ.
Тодруулбал, тэрбээр " "Доктор МЭИК" компани ЖДҮХС-аас зээл авснаасаа хойш 20 гаруй хоногийн дараа зээлийг, зээлийн хүүний төлбөрийн хамт бүрэн төлж барагдуулсан байдаг. Ковидтой үед бүх хил хязгаар хаалттай, олон улсын тээвэр хүндэрчихсэн ийм үед бид эмийн үйлдвэртэй болчихсон бол...2015 оноос эхлээд төслөө хөөцөлдөөд, шалгууруудыг нь хангаад эхний санхүүжилтийг 2016 оны дөрөвдүгээр сараас авч эхэлсэн байгаа юм. олон хүний хүчин зүтгэлээр, хөдөлмөрлөж байж шалгарсан төслөө энэ компани явуулж чадаагүй л дээ" гэжээ.
Харин Капитал банкны дампуурлын асуудлаар "НДЕГ-ын 125 орчим тэрбум төгрөгийн хадгаламжинд 120 тэрбум төгрөгийн хүү тооцон өсгөн олгосноор өнөөдрийн яригдаад байгаа 240 тэрбум төгрөг бий болжээ. Монголбанкны хуучин удирдлагууд Олон Улсын Валютын сангийн шалгалтаар хангалттай дүн үзүүлсэн “Капитал” банкинд бодит бус эрсдлийн сан зохиомлоор байгуулж, үйл ажиллагааг нь хязгаарласан дээрх арга хэмжээнүүдийг авснаар банкийг унагаах ажиллагаа эхэлсэн гэж боддог.
Монголбанкны Ерөнхийлөгч асан Н.Баяртсайхан Капитал банкыг албадан татан буулгасан.
Банкны дүрмийн санг 53 тэрбум төгрөг байсныг Монголбанкны шаардлагын дагуу 2019 оны хоёрдугаар сард 29 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлсэн юм. Тухайн үед Монголбанкны удирдлага дүрмийн сангаа л нэмэгдүүлчихвэл асуудалгүй гэсэн атлаа сар гаруйн дараа албадан татан буулгах шийдвэр гаргаж 29 тэрбум төгрөгийг компанид буцааж олгох боломжгүй болгосон нь анхнаасаа хууран мэхлэх зорилготой байсны илрэл гэж үзэхээс өөр аргагүй. Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан томилогдсон үеэсээ эхлэн “Капитал” банкны зээл олгох, зээлийн нөхцөл өөрчлөх, хугацаа сунгах, графикт өөрчлөлт оруулах, баталгаа, батлан даалт гаргах, чанаргүй зээлийн өрөнд хураагдсан хөрөнгийг худалдан борлуулах, хадгаламж, харилцагч татах, шинээр хувьцаа эзэмшигч оруулах зэрэг эрхүүдийг зогсоосноор хадгаламж эзэмшигчид эх үүсвэрээ татах, зээлдэгч нар зээлээ төлөхгүй байх нөхцөлийг бүрдүүлсэн гэж банкныхан хэлж байсан" гэсэн байна.