Шүүгчдийн ёс зүйн асуудлыг эсэргүүцэж иргэд төв талбай дээр жагсаж байна

Шүүгчдийн ёс зүйн асуудлыг эсэргүүцэж иргэд төв талбай дээр жагсаж байна

Өнгөрөгч амралтын өдрүүдэд нэр бүхий шүүгчид болон АТГ, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажилчид хөл хорио тогтоосон энэ үеэр “цугларч, архидан согтуурсан”, цаашлаад энэ үеэр “биеэ үнэлэлт” буюу хууль бус үйлдэл гарсан байж болзошгүй талаарх бичлэг цахим орчинд гарсан. Энэхүү үйлдэл нь өндөр ёс зүйтэй байх төрийн алба хаагчдын хувьд ноцтой ёс зүйн зөрчил гаргасан, иргэдийн шүүгчдэд итгэх итгэлийг бууруулсан үйлдэл боллоо хэмээн эсэргүүцэж иргэд төв талбайд жагсаж эхэлжээ.

Өчигдөр энэ хэргийн талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Б.Баатархүү “Энэхүү бичлэгтэй холбоотойгоор өнгөрсөн амралтын өдрүүдэд цагдаагийн байгууллагаас шалгалтын ажиллагаа явуулсан. Урьдчилсан байдлаар шалгалтын явцад “биеэ үнэлэлт”-ийг зохион байгуулсан байж болзошгүй эд мөрийн баримт олдсон тул хэрэг нээж, прокурорт явуулах саналыг хүргүүлж байна. Холбогдсон хүмүүсээс байцаалт, мэдүүлэг авсан. Тухайн бичлэг дээр гарсан эмэгтэйчүүдийн данс руу мөнгө шилжүүлсэн нь эхний байдлаар мөн тогтоогдсон. Гэхдээ үүнийг цаашид шалгаж, мөрдөн байцаалтын ажиллагааг үргэлжлүүлэх шаардлагатай. Мөн прокурорын зөвшөөрөлгүй олон нийтэд энэ талаар мэдээлэл өгөх боломжгүй байна” гэсэн мэдээллийг өгсөн юм.