Израиль улс бүх нийтийн вакцинжуулалтаа эхлүүлснээс хойш шинээр илрэх халдварын тоо 4 дахин буурчээ

Израиль улс бүх нийтийн вакцинжуулалтаа эхлүүлснээс хойш шинээр илрэх халдварын тоо 4 дахин буурчээ

Коронавирусийн эсрэг “Pfizer”-ийн вакцинаар иргэдээ дархлаажуулж буй Израиль улс хөл хорионы дэглэмээ бага багаар сулруулж, өчигдрөөс/2021.02.20/ эхлэн олон нийтийн үйлчилгээний байгууллагын үйл ажиллагааг нээж эхэллээ. Гэхдээ хүн хоорондын зай барих, амны хаалт зүүх дэглэм хүчинтэй хэвээр байгаа юм.

Вакцины хоёр дахь тунг хийлгэснээс хойш долоо хоногийн дараа иргэдийн гар утсанд суулгасан аппликэйшнд зургаан сарын хугацаатай “ногоон паспорт”-ыг Израилийн эрүүл мэндийн яамнаас олгож эхэлсэн. Уг паспортоор иргэд фитнес төв, бассейн, зочид буудал, сүм хийдүүдээр үйлчлүүлэх боломжтой аж.

Израиль өнөөдрийн байдлаар 7,1 сая тун вакциныг иргэддээ хийгээд байна. Тус улсад энэ оны нэгдүгээр сарын 13-ны байдлаар хоногт шинээр илрэх халдварын тоо 9,9 мянга байсан бол хоёрдугаар сарын 19-ны өдрийн байдлаар 2.5 мянга болж халдварын тохиолдлын тоо 4 дахин буурчээ. Ерөнхий сайд Бенжамин Нетаньяху ирэх хоёр долоо хоногийн хугацаанд 50-аас дээш насны иргэдийнхээ 95 хувийг бүрэн вакцинжуулахаа амласан байна.

Израилиас гадна вакцинжуулалт эрчимтэй хийгдэж буй АНУ, Их Британийн жишээ авч үзвэл, 

АНУ-д өнөөгийн байдлаар 59,6 сая тун вакцин хийгдээд байна. Тус улсад  2021 оны 1-р сарын 8-ны өдрийн байдлаар хоногт халдварын 308 мянган тохиолдол бүртгэгдэж байсан бол энэ сарын 20-ны байдлаар нэг хоногт 69,6 мянган тохиолдол бүртгэгдэж халдварын тохиолдлын тоо 4,4 дахин буурчээ. 

Түүнчлэн Их Британи улсад өнөөгийн байдлаар 17,5 сая тун вакцин хийгдсэн. Тус улсад энэ оны нэгдүгээр сарын 16-ны байдлаар нэг хоногт халдварын 62.3 мянган тохиолдол шинээр бүртгэгдэж байсан бол 2-р сарын 20-ны өдрийн байдлаар 10.4 мянган тохиолдол бүртгэгджээ.  Нэг хоногт бүртгэгдэж буй халдварын тохиолдлын тоо 6 дахин буурч байна.

Эх сурвалж: CNBC