Мьянмарын цэргийн эрх мэдэлтнүүд 23 мянган хоригдолд өршөөл үзүүлжээ

Мьянмарын цэргийн эрх мэдэлтнүүд 23 мянган хоригдолд өршөөл үзүүлжээ

Мьянмар улсад цэргийн эргэлтийг эсэргүүцсэн иргэдийн жагсаал долоо дахь хоногтоо үргэлжилжээ. Тус улсад Үндэсний эв нэгдлийн өдөр баасан гарагт тохиосон ба энэ өдрийг тохиолдуулан цэргийн дэглэмийн шинэ эрх мэдэлтнүүд 23,314 хоригдолд өршөөл үзүүлэн сулласан байна.

Энэ өдөр төрийн эрх мэдлийг гартаа аваад байгаа армийн генерал Мин Аун Лайн мэдэгдэл хийж олон арван мянган хоригдолд өршөөл үзүүлэн сулласан тухайгаа онцолжээ. Одоогоор өршөөлд чухам ямар ялтай хоригдлууд хамрагдсан нь тодорхойгүй байна.  Ямартай ч 2021 оны нэгдүгээр сарын 31-ний өдрөөс өмнө ял сонссон хоригдлуудад өршөөл үзүүлсэн ба энэ нь ардчилсан улс орны үндсэн зарчим хэмээн генерал Мин Аун Лайн мэдэгджээ.

Одоогоор засгийн эрхийг аваад буй цэргийн удирдагч Мин Аун Хлаин хэд хэдэн хотод шөнийн цагаар хөл хорио тогтоож, олон нийтийн цугларалтыг хориглоод байгаа аж. Тэрээр эсэргүүцэгчдэд шууд заналхийлэл тулгахаас аль болох зайлсхийсэн байр суурьтай байгаа ч төв телевизээр хууль зөрчсөн хүн бүхэнд арга хэмжээ авах ёстой гэж мэдэгдсэн байна.