БНХАУ “BBC” агентлагийн мэдээний сувгийг нэвтрүүлэхийг хоригложээ

БНХАУ “BBC” агентлагийн мэдээний сувгийг нэвтрүүлэхийг хоригложээ

БНХАУ  өчигдөр/2021.02.11/ “BBC” агентлагийн “BBC World News” сувгийг өөрийн улсад нэвтрүүлэхийг хоригложээ. Тодруулбал, BBC агентлагийг БНХАУ-ын коронавируст халдварын нөхцөл байдлыг мэдээлж, үндэсний цөөнх Уйгаруудын эрхийг зөрчиж байгааг нь шүүмжилсэн гэсэн үндэслэлээр хаасан байна. 

БНХАУ-ын Засгийн газраас “BBC World News” -ээр цацагдаж буй Хятадтай холбоотой мэдээллүүд нь “Хятадын үндэсний ашиг сонирхлыг хохироохгүй”, “мэдээ үнэн, шударга байх ёстой” гэсэн шаардлагыг багтаасан өргөн нэвтрүүлгийн удирдамжийг “ноцтой зөрчсөн” гэсэн тайлбарыг хэлжээ. Харин BBC агентлагаас гаргасан мэдэгдэлд“Хятадын эрх баригчид энэхүү арга хэмжээг авахаар шийдсэнд бид үнэхээр сэтгэл дундуур байна. BBC бол дэлхийн хамгийн итгэл даасан олон улсын мэдээллийн өргөн нэвтрүүлэг бөгөөд дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн мэдээллийг алагчлалгүй, шударгаар мэдээлдэг" гэжээ. 

БНХАУ дахь Их Британийн Гадаад хэргийн сайд Доминик Рааб энэ шийдвэрийг "Хэвлэл мэдээллийн эрх чөлөөг боомилсон хязгаарлалт" гэж хэлсэн байна. Мөн АНУ-ын Төрийн департамент уг шийдвэрийг буруушааж, энэ бол Хятадын Засгийн газрын чөлөөт хэвлэл мэдээллийн хэрэгслийг дарах өргөн кампанит ажлын нэг хэсэг гэж мэдэгдэв.

Тус хоёр улсын харилцаа сүүлийн үед нэлээн хурцадмал байдалд шилжээд буй. Их Британи улс өнгөрсөн нэгдүгээр сард 5,4 сая Хонконг иргэдэд виз олгож, иргэншлээ солихыг зөвшөөрсөн шийдвэр гаргасан. Үүнийг Хятадын Засгийн газар өөрсдийнх нь газар нутгийн эрхэнд халдаж байна хэмээн үзэж, буруушааж байгаа юм. 

Эх сурвалж: BBC