Хятадын цагдаа нар Австралийн телевизийн хөтлөгчийг тагнуулын хэрэгт сэжиглэн баривчилжээ

Хятадын цагдаа нар Австралийн телевизийн хөтлөгчийг тагнуулын хэрэгт сэжиглэн баривчилжээ

Хятадын төрийн өргөн нэвтрүүлгийн CGTN телевизэд ажилладаг байсан Австралийн хөтлөгч эмэгтэйг "хилийн чанадад улсын нууцыг хууль бусаар задруулсан" гэж сэжиглэн баривчилсан талаар Австралийн Гадаад хэргийн сайд Марис Пэйн мэдэгдлээ. 

Хятадын Засгийн газар Австралийн иргэн Ченг Лэйг уг хэрэгт сэжиглэн өнгөрсөн оны наймдугаар сарын 13-аас хойш саатуулж байгаа бөгөөд өнгөрсөн баасан гарагт/2021.02.05/ албан ёсоор баривчилсан байна.

Ченг Лэй АНУ-ын CNBC сувагт есөн жилийн турш ажиллаж байгаад 2012 онд CGTN телевизэд ажиллах болжээ. Тэрээр тус телевизийн шилдэг хөтлөгч байсан төдийгүй "Global Business" хэмээх нэвтрүүлгийг хөтөлж, олны анхаарал татсан ярилцлагаараа нэлээдгүй алдаршсан нэгэн юм. 

БНХАУ-ын Гадаад хэргийн яамнаас одоогоор албан ёсны ямар нэгэн тайлбар хийгээгүй байна. Өнгөрсөн онд Ченг цагдан хорьсон талаар яамны хэвлэлийн төлөөлөгч Хуа Чүнээс асуухад "Хятад бол хууль дээдлэх засаглалтай орон, бид хуулийн дагуу ажиллах болно" гэж байжээ. Энэхүү үйл явдал Австрали болон БНХАУ-ын харилцаа улам хурцадмал байдалд үүссэнийг харуулж байна хэмээн улстөр судлаачид үзэж байна. 

Эх сурвалж: CNN