Манай улсын авахаар төлөвлөөд буй “AstraZeneca” вакциныг Өмнөд Африк улс хэрэглэхээс татгалзжээ

Манай улсын авахаар төлөвлөөд буй “AstraZeneca” вакциныг Өмнөд Африк улс хэрэглэхээс татгалзжээ

Дэлхийн вакцин хангамжийн санаачилга болох  “COVAX”хөтөлбөрийн хүрээнд "AstraZeneca/Oxford"-ын коронавирусийн эсрэг вакциныг дэлхийн ядуу буурай улс орнуудад хандивлахаар болсон. Тодруулбал, Монгол, Хойд Солонгос, Мяньмар, Өмнөд Африк зэрэг улс орнууд тус вакцинаас хүлээн авахаар болсон юм.

Тэгвэл Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улс (ӨАБНУ) хүн амыг дархлаажуулах хөтөлбөртөө “AstraZeneca” компанийн вакциныг хэрэглэхийг хойшлуулах шийдвэр гаргажээ. Учир нь уг вакцин тус улсад тархаад байгаа коронавирусийн мутацлагдсан шинэ хувилбараас муу хамгаалж байгаа нь туршилтаас харагдсан байна. Тус улсад хэрэгжсэн “AstraZeneca” компанийн вакцины туршилтын сүүлийн үр дүнгээс харвал уг вакцины шинэ хувилбарын эсрэг дархлаа тогтоох чадвар дөнгөж 22 хувьтай гарсан байна. Тиймээс дархлаажуулалтын хөтөлбөртөө “AstraZeneca” вакциныг яаж хэрэглэх талаар эрдэмтдийн багийнхаа зөвлөмжийг хүлээх хэрэгтэй болсныг тус улсын эрүүл мэндийн сайд Звели Мхизе өчигдөр мэдэгдсэн байна.

ӨАБНУ нь 40 сая орчим хүн амынхаа гуравны хоёрыг вакцинжуулах төлөвлөгөөтэй байгаа ч дархлаажуулалтын хөтөлбөрөө албан ёсоор эхлүүлээгүй байна. Тус улс манай улсын авахаар төлөвлөөд буй Энэтхэгийн вакцин үйлдвэрлэгч Serum Institute-ээс AstraZeneca компанийн нэг сая тун вакциныг энэ долоо хоногт хүлээж авах бөгөөд эхний ээлжинд эмнэлгийн ажилтнуудаа хамруулахаар төлөвлөж байсан юм.