Онгоцоор зорчиж байхдаа халдвар авсан иргэдэд 180 мянган ам.долларын тэтгэмж олгож эхэлжээ

Онгоцоор зорчиж байхдаа халдвар авсан иргэдэд 180 мянган ам.долларын тэтгэмж олгож эхэлжээ

Япон улсын агаарын тээврийн "JAL" компани коронавирусийн халдварын улмаас өнгөрсөн 12 дугаар сараас эхлэн үйлчлүүлэгчид рүүгээ чиглэсэн нэгэн бодлогыг хэрэгжүүлж эхэлжээ.

Тодруулбал, хэрэв үйлчлүүлэгч тус компанийн онгоцоор зорчих үедээ коронавирусийн халдвар авсан болох нь тогтоогдвол 180 мянга хүртэлх ам.долларын эмчилгээний зардал, мөн 14 хоног тусгаарлагдах үеийн зардлыг нь нөхөн төлөх юм байна. 

Тус компани Германы “Allianz” хэмээх даатгалын групптэй хамтран энэхүү эрүүл мэндийн үйлчилгээг үзүүлж байгаа бөгөөд ирэх зургадугаар сарын 30-ны хүртэл хүчинтэй хэвээр байх юм байна. 

Гэхдээ нөхөн төлбөр авахын тулд зорчигчид шинжилгээнд хамрагдахаас 24 цагийн өмнө утсаар дамжуулан агаарын тээврийн компанитай холбоо барих ёстой аж. 

Тус компани дээрх бодлогыг баримталж байгаа нь:

  • Нисэх онгоцны үйлчилгээ халдварын эрсдэл багатай болохыг сурталчилсан,
  • Үйлчлүүлэгчид, зорчигчдын эрүүл мэнд, аюулгүй байдалд ихээхэн анхаарал хандуулж байгааг илэрхийлсэн,
  • Ижил төрлийн үйлчилгээ үзүүлж буй агаарын тээврийн компаниудаас харьцангуй давуутай үйлчилгээг санал болгож, өрсөлдөх чадвар, менежмент сайтай болохыг илтгэж харуулж байна хэмээн иргэд сайшааж байна.  

Үүнтэй ижил төстэй нөхөн олговрын хөтөлбөрийг Арабын Нэгдсэн Эмират дахь агаарын тээврийн “Эмиратес” групп, Их Британийн “Виржин Атлантик Эйрвэйз” мөн хэрэгжүүлдэг. 

Эх сурвалж: Japantimes