ОХУ-ын сөрөг хүчний удирдагч Алексей Навальныйг хордож, комд орсны дараа онгоц Омск хотод яаралтай газардаж, эмнэлгийн тусламж үзүүлсэн билээ. Тэгвэл түүнийг Омск хотын яаралтай тусламжийн эмнэлэгт хүнд байдалтай очиход анх хүлээн авч эмчилсэн эмч Сергей Максимишин зуурдаар нас барсныг эмнэлгийн захиргаа өчигдөр мэдэгджээ.
Тус мэдэгдэлд, Омск хотын яаралтай тусламжийн нэгдүгээр эмнэлгийн ерөнхий эмчийн орлогч, анагаах ухааны доктор Максимишин Сергей Валентинович 55 насандаа цаг бусаар таалал төгссөнд бид гүнээ эмгэнэн гашуудаж байна. Тэрээр тус эмнэлэгт 28 жил ажиллахдаа олон мянган хүний амийг аварч байсан гавьяатай” хэмээн дурджээ.
Харин түүний гэнэтийн үхэлд Навальныйн талын хүмүүс эргэлзэж байгаагаа илэрхийлжээ. Энэ талаар Навальныйн Авлигатай тэмцэх сангийн төлөөлөгч Леонид “Сергей Максимишин бол Навальныйг эмчилж байсан гол эмч. Тэр Алексейн биеийн байдлыг хамгийн сайн мэдэж байсан хүний хувьд гэнэт нас барсан нь сэжиг төрүүлж байна. Гэхдээ манай улсын эрүүл мэндийн систем маш муу, эмч нартаа анхаарал бага хандуулдаг тул эмч нарын дунд эрт нас барах явдал түгээмэл байдаг. Түүний үхлийн шалтгааныг мөрдөн шалгана гэдэгт би эргэлзэж байна” гэж хэвлэлд ярьжээ.
Эх сурвалж: New York Times