Эрдэмтэд ОХУ-ын "Спутник-V" вакцины үйлчлэлийг хүлээн зөвшөөрч эхэллээ

Эрдэмтэд ОХУ-ын "Спутник-V" вакцины үйлчлэлийг хүлээн зөвшөөрч эхэллээ

Их Британийн Анагаах ухааны сэтгүүлд ОХУ-ын “Спутник-V” вакцины үр дүнгийн талаарх судалгаа нийтлэгджээ.  Уг судалгаанд өнгөрсөн намар ОХУ-д КОВИД-19-ийн вакцинд хамрагдсан 20 мянга орчим хүний туршилтыг үндэслэн  “Спутник-V”-ийн үйлчлэлийг 91,6 орчим хувь байна гэж өгүүлсэн байна.

Өмнө нь эрдэмтэд “Спутник-V” вакцины эмнэл зүйн туршилт бүрэн хийгдэж дуусаагүй байхад яаран улс орнуудад нийлүүлж байгааг ихээхэн шүүмжилж байсан юм. Харин Оросын Шууд Хөрөнгө оруулалтын сангийн (RDIF) тэргүүн Кирилл Дмитриев “Вакциныг шүүмжлэх ямар ч үндэслэл үлдсэнгүй. Энэ судалгаа маш үндэслэлтэй бөгөөд үнэн юм” гэжээ.

Мөн Их Британийн тэргүүлэх эрдэмтэд болох Ян Жонс, Полли Рой нар “Судалгаанд вакцины үр дүн тодорхой мэдээлэгджээ. “Спутник-V” коронавирусийн өвчлөлийн эсрэг “тэмцэл”-д нэгдэж болно” хэмээн нэмэлт тайлбартаа дурдсан байна.

Судалгаа нийтлэгдсэний дараа  Мексикийн эрүүл мэндийн зохицуулагч байгууллагууд вакциныг яаралтай эмнэл зүйд нэвтрүүлэхийг зөвшөөрсөн бол Бразил улс 60-90 хоног туршилтыг ажиглах болно хэмээн мэдэгджээ.

Эх сурвалж: Aljazeera