Ц.Тувааны АН-ын үүрэг гүйцэтгэгчээр З.Нарантуяаг томилохоор, дэглэм зөрчиж ҮБХ-ны хурлаа зарласан уу

Ц.Тувааны АН-ын үүрэг гүйцэтгэгчээр З.Нарантуяаг томилохоор, дэглэм зөрчиж ҮБХ-ны хурлаа зарласан уу

Улсын бүртгэлийн ерөнхий газар /УБЕГ/-аас АН-ын даргын үүрэг гүйцэтгэгч гэх Ц.Тувааны хэрэглэж байсан 1117237845 дугаартай АН-ын тамгыг хүчингүй болгож, АН-ын тамгыг 9020120477 дугаараар Улсын бүртгэлд шинээр /2020.12.25/ бүртгэгдэж, АН-ын дараагийн дарга, тус намын үндсэн дүрмийн дагуу томилогдох хүртэл, С.Эрдэнэ хууль ёсны тамга шилжсэн байдаг. 

-Ц.ТУВААНЫ ШҮҮХЭД ӨГСӨН ХҮСЭЛТИЙГ БҮХЭЛД НЬ ХЭРЭГСЭХГҮЙ БОЛГОЖ ШИЙДВЭРЛЭЖЭЭ-

Иймд Ц.Тувааны нэрээр "С.Эрдэнийн эзэмшиж буй АН-ын тамга тэмдгийн хяналтын дугаарыг олгосон улсын байцаагчийн актын биелэлтийг түдгэлзүүлэхийг хүссэн" өргөдлийг Нийслэлийн захиргааны хэргийн шүүхэд гаргажээ. Улмаар шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр /2021.02.02/ болж, “улс төрийн намын дотоод маргааныг шүүх шийдэхгүй учраас Ц.Тувааны өгсөн хүсэлтийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэсэн байна. Ингэснээр УБЕГ-т бүртгэлтэй С.Эрдэнэд байгаа 9020120477 дугаартай АН-ын тамга хүчинтэй хэвээр үлдэж, мөн тус нам УДШ-д бүртгэлтэй байгаа дүрмийнхээ дагуу намын даргаа нийт гишүүдээсээ сонгохоор болж байгаа ажээ. 

Харин тус шүүх хурлын дараа Ардчилсан нам гэх цахим хуудсаар “Шүүхээс С.Эрдэнийн эзэмшиж байсан тамгыг хүчингүй гэж шийдвэрлэлээ” гэх илт худал мэдээллийг тарааж эхэлжээ. 

-Ц.ТУВААНЫ АН-ЫН ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭГЧЭЭР З.НАРАНТУЯА ТОМИЛОГДОХ УУ-

Учир нь АН-ын зарим гишүүдийн дунд ҮБХ-ны хурлыг маргааш /2021.02.03/ зохион байгуулж, “Ц.Тувааны АН-ын даргын үүрэг гүйцэтгэгчээр З.Нарантуяаг томилохоор төлөвлөсөн” байж болзошгүй байгаа ажээ. Мөн АН-ын зарим гишүүдийн утсанд “АН-ын ҮБХ-ны ээлжит бус хурал 2021.02.03 –ны өдрийн 17:00 цагт Corporate Convention центрын event hall-д болох тул эрхэм ҮБХ-ны гишүүн та хуралдаа идэвхтэй оролцоно уу. Хурлаас 2 цагийн өмнө ирж covid -19 ын түргэвчилсэн шинжилгээндээ хамрагдана уу. Холбоо барих утас: 9495 ****” гэх шуурхай зарыг тараажээ. 

АН-ын ҮБХ-ны гишүүдэд 2021.02.02 ны өдөр ирсэн мессеж

-НЭМГ, НОК-ИЙН ШУУРХАЙ ШТАБААС “АН-ЫН ҮБХ-НЫ ХУРАЛД ОРОЛЦОХ ХҮМҮҮСЭЭС ШИНЖИЛГЭЭ АВ ГЭСЭН ЧИГЛЭЛИЙГ ӨГӨӨГҮЙ” ГЭЖ МЭДЭГДЭВ-

Хачирхалтай ч, цар тахлын энэ үед УОК-ын шийдвэр гарч, хурал цуглаан битгий хэл “5-аас дээш хүнтэй танхимын болон үйлдвэрлэлийн сургалт”-ыг ч хориглоод байгаа билээ. Гэтэл Corporate Convention центр Ц.Тувааны АН-аас ҮБХ-ны хурлыг ийнхүү зарлажээ. Бид 9495**** дугаар руу холбогдож, ҮБХ-ны гишүүдээсээ шинжилгээг хэрхэн авах талаар тодруулахад, “Нийслэлийн эрүүл мэндийн газар /НЭМГ/-аас зохион байгуулж хуралд оролцох ҮБХ-ны гишүүдээс шинжилгээг авна" гэсэн юм.

Иймд бид НЭМГ-ын албаны эх сурвалж болон Нийслэлийн онцгой комиссын шуурхай штабаас энэ талаар тодруулахад “АН-ын ҮБХ-ны хуралд оролцох хүмүүсээс шинжилгээ ав гэсэн үүрэг чиглэлийг өгөөгүй” гэж мэдэгдлээ. 

Товчхондоо, шүүхийн шийдвэр Ц.Тувааны талд гарсан гэх худал мэдээллийг тарааж, онцгой дэглэмийн энэ үед буюу маргааш /2021.02.03/ ҮБХ-ны хурлыг зарлаж, тус хурлаар Ц.Тувааны АН-ын даргын үүрэг гүйцэтгэгчээр З.Нарантуяаг томилох төлөвлөгөөгөө хэрэгжүүлж эхэлж байж болзошгүй” гэх мэдээллийг эх сурвалжууд бидэнд өгч байна.  




Өнөөдөр хонь өдөр

1 цагийн өмнө