Япон улсад зарласан онц байдлыг ирэх III сар хүртэл сунгахаар төлөвлөж байна

Япон улсад зарласан онц байдлыг ирэх III сар хүртэл сунгахаар төлөвлөж байна

Япон улсад коронавирусийн халдварын тохиолдол нэмэгдэж байгаатай холбоотой Токио, Осака болон бусад найман мужид тогтоосон онц байдлын хугацааг сунгахаар төлөвлөж буйг Ерөнхий сайд Ёшихидэ Суга өнөөдөр мэдэгдэв. 

Тэрээр парламентын чуулганы үеэр “энэ ням гарагт дуусах онц байдлыг ирэх гуравдугаар сарын 7-ныг хүртэл сунгах асуудлыг хэлэлцэж байна” гэж хэлсэн байна.

Японы 47 мужийн 11-д нь одоогоор онц байдал зарлаад байгаа. Онц байдлын үед ард иргэдийг шаардлагагүй тохиолдолд гэрээсээ гарахгүй байхыг уриалж байгаа бөгөөд ресторан, шөнийн цэнгээний газрууд 19.00 цагаас хойш архи согтууруулах ундаагаар үйлчлэхгүй байх, 20.00 цагаас хаалгаа барих, албан байгууллагууд ажилчдынхаа 70 хүртэл хувийг гэрээс нь ажиллуулах, спорт заалууд, их дэлгүүрүүд ажиллах цагаа богиносгох зэрэг арга хэмжээ хэрэгжиж байгаа юм. Түүнчлэн олон нийтийг хамарсан арга хэмжээг 5000-аас ихгүй хүнтэйгээр зохион байгуулахыг зөвшөөрч байгаа аж.

Тус улсад сүүлийн 24 цагийн хугацаанд коронавируст халдварын 1,792 тохиолдол бүртгэгдэж 72 хүн барсан байна. Батлагдсан тохиолдлын гуравны нэг орчим нь нийслэл Токио хотод бүртгэгдсэн бөгөөд эмнэлгийн тусламж авах шаардлагатай 50 мянган хүн байгаа юм байна.

Эх сурвалж: CNN