Японы Айчи мужийн Тоёота хотын дарга болох 66 настай Тошихико Отаг хөнөөсөн хүнд 100 сая иен буюу 2.7 тэрбум гаруй төгрөг санал болгосон зарыг олон нийтийн сүлжээн дээр байрлуулсан 30 настай эрэгтэйг орон нутгийн цагдаа нар баривчилжээ.
Цагдаагийн газрын мэдээлснээр сэжигтэн нь 2020 оны хоёрдугаар сард Тоёота хотын даргын сонгуульд Отагийн эсрэг өрсөлдөөд, ялагдсан Шиня Ямаучи гэгч байсан гэнэ. Тэрээр өнгөрөгч бямба гарагийн шөнө 01:30 цагт ямар нэг төрлийн иртэй зэвсэг барин, хотын дарга Тошихико Отагийн гэрийн гадаа зогсож буй зургаа маш их бэлэн мөнгөний хамт өөрийн цахим хуудсандаа тавьсан байжээ.
Ямаүчи "Хотын даргыг хөнөөсөн хүнд 100 сая иен өгнө" хэмээгээд тэр тусмаа коронавирусийн улмаас санхүүгийн хүндрэлд ороод байгаа хүмүүст энэхүү шагналыг санал болгож байна гэжээ. Харин энэ зарыг анх хотын захиргааны нэгэн ажилтан олж, цагдаад мэдэгдсэн байна. Албаныхны хэлснээр Шиня Ямаучи хэргээ хүлээсэн бөгөөд энэ сарын 25-28-ны хооронд өдөр бүр хотын даргын оффист очсон ч түүнтэй уулзаж чадаагүй тул бухимдсандаа ийм үйлдэл хийсэн. Мөн өөрт нь 100 сая иен байхгүй гэдгээ мэдүүлсэн байна.