ВИДЕО: Л.Оюун-Эрдэнэ “НОК-ын дарга чинь хаачсан юм" гэж Д.Сумъяабазарыг хайж бухимдав

ВИДЕО: Л.Оюун-Эрдэнэ “НОК-ын дарга чинь хаачсан юм" гэж Д.Сумъяабазарыг хайж бухимдав

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайханы хамтаар өчигдөр  /2021.02.01/ Улсын онцгой комиссын Шуурхай штаб Нийслэлийн онцгой комисст ажиллаж үйл ажиллагаатай нь танилцсан. 

Тэрбээр энэ үеэр "Уг байранд халдвар, хамгааллын дэглэм яагаад мөрдөгдөхгүй байна. Нөгөө хоёр метрийн зай баримтлах яасан. Та нар гаргасан шийдвэрээ өөрсдөө хэрэгжүүлэхгүй байж яаж ард түмэнд шаардлага тавих юм. Шийдвэр эндээс хэрэгжих ёстой. Та нар халдвар авдаггүй хүмүүс юм уу. Халдвар хэнийг ч ялгахгүй" гэж шүүмжилсэн. 

Мөн “Нийслэлийн онцгой комисс /НОК/-ыг шинэчилж, үйл ажиллагааг нь өөрчлөх хэрэгтэй. Тухайлбал, Улсын онцгой комисстой уялдаа, холбоотой ажиллах ёстой. Мэдээллийг нэг сувгаар өгдөг болох хэрэгтэй. Иргэдийг төөрөгдүүлж болохгүй. Засгийн газраас гаргасан шийдвэрийг биелүүлэхгүй өөр үйл ажиллагаа явуулж бухимдал үүсгэдгээ болих хэрэгтэй” гэж Улсын онцгой комиссын даргын хувиар үүнд анхаарна биз хэмээн С.Амарсайханд үүрэг даалгавар өгсөн юм.

-ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНИЙН ШАЛГАЛТАД Д.СУМЪЯАБАЗАР БҮДЭРЧ, НОК-ЫГ ЦЭГЦЛЭХЭД ХҮРГЭВ -

Цаашлаад тэрбээр "Нийслэлийн онцгой комиссын дарга чинь хаачсан юм" хэмээн Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэнгээс асууж "Бүхэл бүтэн Ерөнхий сайд, Улсын онцгой комиссын дарга нь ирсэн байхад ийм байдалтай байж болохгүй. Тэгэхээр үүнийг ирэх долоо хоногтоо багтаагаад шинэчилье" гэсэн юм. Учир нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Нийслэлийн онцгой комисст ажиллах үеэр НОК-ын дарга, Хотын дарга Д.Сумъяабазар өөрийн биеэр ирээгүй юм. Харин орондоо орлогч дарга Ж.Сандагсүрэнгээ явуулсан нь Ерөнхий сайдын бухимдлыг төрүүлсэн бөгөөд НОК-ын үйл ажиллагаа ч сул явж ирснийг энэ үеэр илэрхийлээд авав. 

Харин Д.Сумъяабазар хэзээнээсээ Ерөнхий сайд, намын даргаа үл тоож буй бөгөөд огт уялдаа холбоогүй, дураараа шийдвэр гаргаж буй нь эртнээс яригдаж, бичигдэж байсан. 

Тухайлбал, Улсын онцгой комисс, Засгийн газар дээр гаргасан шийдвэрийг хэрэгжүүлдэггүй, зөрж өөр шийдвэр гаргадаг цар тахалтай үед иргэдийн хувийн автомашиныг нь хорьж автобусанд чихэлдүүлсэн, борлуулалт түгээлтийн ажлыг шөнөөр явуулах шийдвэрийг гаргаж байсан гэх мэт зөрүүтэй шийдвэр гаргаж олон нийтийг бухимдуулж байсан. Үүнийг нь уялдаагүй ажиллаж байна гэж Ерөнхий сайд дүгнэж хэлээд цаашид НОК-ыг Улсын онцгой комисс дээр төвлөрүүлэх ёстой гэсэн байр, суурийг илэрхийлсэн юм. УОК, Засгийн газраас зөрж өөрийнхөөрөө маш муу ажилладаг, зөрүүтэй мэдээлэл өгч иргэдийг төөрөлдүүлэг Д.Сумъяабазарт хариуцлага хүлээлгэж ч мэдэхээр байна.