Өчигдөр ОХУ-д болсон жагсаалын үеэр 60 гаруй сэтгүүлч баривчлагджээ

Өчигдөр ОХУ-д болсон жагсаалын үеэр 60 гаруй сэтгүүлч баривчлагджээ

Өчигдөр сөрөг хүчний улстөрч Алексей Навальныйг суллахыг шаардсан хоёр дахь эсэргүүцлийн жагсаал ОХУ-ын олон хотод болж өнгөрчээ. Үүнтэй холбоотой эхний жагсаал өмнөх долоо хоногийн бямба гарагт болж байсан тул хоёр дахь жагсаалыг газар авхуулахгүйн тулд эрх баригчид хотуудын төв гудамж, талбай, метроны гол өртөөнүүдийг урьдчилж хаах арга хэмжээ авсан байна.

Москва хотын цагаар 22:40 цагт 5021 хүн баривчлагдсан бөгөөд энэ нь ОХУ-д болсон эсэргүүцлийн ажиллагааны үеэр хамгийн олон хүнийг баривчилсан тохиолдол болжээ. Тодруулбал, Москва хотод 1608 хүн саатуулагдсан бол Санкт-Петербургт 1122, Красноярскт 194, Доод Новогород хотод 182, Тверьт 124 хүн тус бүр баривчлагджээ. Харин ОХУ-ын Дотоод хэргийн яам жагсагчдын тоог 2000 байсан хэмээн дарж мэдээлсэн бөгөөд жагсагчдын дунд Оросын томоохон хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн сэтгүүлчид байжээ.

Оросын сэтгүүлчдийн эвлэлээс 60 гаруй сэтгүүлчид баригдсан гэж мэдэгдсэн бөгөөд тэд сэтгүүлчдийн эрхийг зөрчиж байна гэж мэдэгдсний дараа ихэнх нь суллагдсан байна. Үүний дараа цагдаагийн газраас “сэтгүүлчдэд “press” гэсэн хантааз өмсгөхийг санал болгосон бөгөөд ажлаа хийж буй сэтгүүлчдэд дахин саад болохгүй байхаа мэдэгджээ.

Бороохой, нулимс асгаруулагч хийгээр зэвсэглэсэн цагдаа нар жагсагчдыг хөөн тарааж, бөөнөөр баривчлах арга хэмжээ авсан юм. Энэ үеэр нийслэл Москва хотод нэг тэмцэгч өөрийгөө шатааж, эмнэлэгт хүргэгдсэн байна. Мягмар гарагт Навальныйн шүүх хурал болох ба хэрвээ түүнд хорих ял оноовол жагсаал тэмцэл дахин өрнөж магадгүй байна.

Эх сурвалж: TASS

 




Өнөөдөр могой өдөр

3 цагийн өмнө