Л.Оюун-Эрдэнэ: Та нарын ажил уялдаа холбоогүй, хариу үйлдэл цогц биш  учраас Засгийн газрын шийдвэр хэрэгжихгүй байна /ВИДЕО/

Л.Оюун-Эрдэнэ: Та нарын ажил уялдаа холбоогүй, хариу үйлдэл цогц биш учраас Засгийн газрын шийдвэр хэрэгжихгүй байна /ВИДЕО/

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан нар өнөөдөр ОБЕГ, УОК-ын шуурхай штаб, НОК-ын үйл ажиллагааг газар дээр нь шалгаж, цаг үеийн мэдээлэл сонсож, зарим үүрэг даалгаврыг өгч ажиллав.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэлэхдээ “Анхан дунд шатны зохион байгуулалт дээр алдаж байгаа шүү. Үүн дээр Шадар сайд онцгой анхаарах хэрэгтэй. Эрүүл мэндийн салбар ингээд байна, УОК ингээд байна, Шуурхай штаб ингээд байна гээд бие бие рүүгээ алдаагаа чихдэг. Энэ вирус цогц бол зүйл. Цар тахал эрүүл мэндийн салбарын асуудал биш. Цар тахал бол эдийн засаг, үндэсний аюулгүй байдал, боловсролын асуудал. Та бүхний ажил уялдаа холбоогүй, хариу үйлдэл цогц биш байгаа учраас Засгийн газрын шийдвэр хэрэгжихгүй байна. Өөрсдийнхөө гаргасан шийдвэрийг өөрсдөө дагахаас эхэлнэ. Та нар гаргасан шийдвэрээ хэрэгжүүлэхгүй бол хэн та нарын шийдвэрийг хэн хэрэгжүүлэх юм бэ.

Иргэдийг халдвар хамгааллын дэглэм сахиулна гэж тусгаарлах байранд аваачдаг. Гэтэл хөзөр тоглож гаднаас архи, тамхи худалдаж авсан асуудал гарсан. Энэ бүх зүйл анхан шатан дээрээ очоод ажил замхардгийн тод жишээ болсон шүү. Хотын төвд ажил маш сайн, гэр хороололд халдвар хамгаалал тааруу байсан. УОК, Шуурхай штаб, Эрүүл мэндийн яам, НОК нэг мотортой ажиллах хэрэгтэй. Хөдөлгүүр чинь доголдоод байна. Хамгийн мэдээлэлтэй нэг хүн нь л мэдээллээ өг. Бүгд зурагтаар гарах дуртай. Энэ тэнд очоод ярилцлага өгнө, тоонууд нь зөрнө. Яаж энэ дундаас иргэд нэгдсэн ойлголт авах юм бэ. Одоо бие бие рүүгээ алдаагаа чихэхээ больцгоо. Асуудал цогц гэдгээ маш сайн ойлго. Иргэндээ үйлчлэх сэтгэлзүйтэй бай. Иргэдээс ямар ч сэтгэлзүй гарч болно. Би Ерөнхий сайдын хувьд жижиг асуудал гаргахгүй, деталь бүхнийг анхаарч ажиллах болно. ХӨСҮТ-ийн бохирыг яаж гаргаж байгаагаас эхлээд гэнэтийн шалгалт хийнэ. Үүнийг Шадар сайд очиж шалгах ёстой. Өнгөрсөн хугацаанд бид том шийдвэрүүдээ зөв гаргаад деталь дээр алдсан. Анхан дунд шатанд гаргасан шийдвэрээ хэрэгжүүлж чадаагүй назгай, сэтгэлгүй, хүнлэг бус байдлаас болсон. Вакцинжуулалтын ажилд одооноос бэлтгэлтэй байгаарай. Хадгалалт болон зохион байгуулалтын ажилд алдаа гарах вий. Тусгаарлах байранд нийтийн 00-той газар бүтэхгүй шүү.

Эрүүл мэндийн салбарынхан хандлагаа өөрчлөх хэрэгтэй. Шуурхай штабынхантайгаа ойлголцож ажилла. Нэг мотор шиг ажилла. Хөдөлгүүр чинь доголдоод байна. Бараг Шадар сайд Шуурхай штабаа удирдаад явсан дээр. Ийм олон салбарын ажилтан нэг хүнд удирдагдахгүй шүү. Сайд дуудсан гээд л яваад өгнө. Би ЗГХЭГ-т ажиллаж байхдаа бүх зүйл ярьснаас өөр гэдгийг харсан. 120 гаруй хүнтэй яаманд яг ажилладаг 25-30 хүн л байдаг юм билээ. Өнөөдөр ч гэсэн энд маш ачаалалтай ажиллаж байгаа хүн хэд байна, ирээд царайгаа харуулчихаад явдаг хүн хэд байна. 14 хоногийн дараа би дахиж ирнэ. Энэ нөхцөл байдал яаж өөрчлөгдсөнийг харна. Шадар сайдаа дунд, доод шатны менежментийг сайжруул. Зөвхөн өрөөндөө хурал хийхээс илүү энэ хүмүүсийн дунд нь бай, амьдар" гэлээ.  

ҮЗЭХ




Өнөөдөр могой өдөр

3 цагийн өмнө