Ардчилсан намын дотоод сонгуулийн дарга И.Мөнхжаргал цаг, үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тэрбээр Ардчилсан намын даргыг сонгох сонгуулийг бүх гишүүдийнхээ дунд зохион байгуулахаар болсноо энэ үеэр тодруулж мэдэгдсэн юм.
Тодруулбал тэрбээр "Үндсэн дүрмээр олгогдсон эрхийнхээ хүрээнд Дотоод сонгуулийн хороо Ардчилсан намын даргын сонгуулийг зохион байгуулахаар бэлтгэл ажлаа хийж байна. Ковидын үед уг сонгуулийг хийхэд хүндрэлтэй ч бид нийт гишүүдийнхээ саналыг хүлээн авч намын даргад нэр дэвшигчдийн сонгуулийн сурталчилгааг орон нутагт очиж биеэр уулзалт хийлгэхгүйгээр зөвхөн хэвлэл, мэдээллийн хэрэгслээр цахим орчинд хийлгэхээр зохицуулж байна.
Намын дүрэмд намын гишүүдийг саналын эрхтэй, эрхгүй гэж ялгадаг гэх шүүмжлэл байдаг. Тиймээс энэ удаа эрхтэй, эрхгүй гэж ялгахгүй бүх гишүүдийн саналыг авна.
Мөн намын даргад нэр дэвшигчдээс ямар нэгэн хэлбэрээр мөнгөн хураамж авахгүй. Мэдээж хэвлэл, мэдээллийн хэрэгслийн сурталчилгааны зардал гэх сонгуулийн зардал гарна. Энэ зардлаа нэр дэвшигчид хувь тэнцүүлэн гаргана. Намын гишүүддээ уриалахад намаа аврахыг хүсч буй бол энэ үйл ажиллагаанд оролцохыг уриалж байна. Дараагийн даргыг сонгож байж С.Эрдэнэ ажлаа өгөх дүрэмтэй юм" гэлээ.
ҮЗЭХ: