БНСУ: Өргөж авсан 16 сартай охиндоо хэрцгий ханддаг байсан нь мөрдөн байцаалтын явцад тогтоогджээ

БНСУ: Өргөж авсан 16 сартай охиндоо хэрцгий ханддаг байсан нь мөрдөн байцаалтын явцад тогтоогджээ

Өргөж авсан нэг нас 4 сартай охиноо аймшигтайгаар зодож байсны улмаас нас  барсан хэрэг БНСУ-д өнгөрсөн сард ил гарч ард иргэдийн дургүйцлийг хүчтэй төрүүлж байсан билээ. Тодруулбал, бяцхан охин Жон И На өргүүлсэн эцэг, эхдээ онц хэрцгийгээр удаа дараа зодуулж, зодуурын хүндэрлээс болон өнгөрсөн оны аравдугаар сард харамсалтайгаар нас барсан байна. Шүүх эмнэлгийн дүнгээр тус охинд бэртэж гэмтээгүй биеийн хэсэг үлдээгүй байсан бөгөөд хүчтэй цохиулж ходоод нь задарсан тул хоол идэж ч чадахгүй болсон байжээ.

-ХОЙД ЭХ НЬ ОХИНЫГ ЛИФТНЭЭС БУУЛГАХДАА ТЭРЭГТЭЙ НЬ ТҮЛХЭЖ УНАГААН, ГАДУУР АВЧ ЯВАХДАА АМНЫ ХААЛТ ЗҮҮЛГЭДЭГГҮЙ БАЙЖЭЭ-

Түүнийг өргөж авсан гэх эцэг, эх хоёр нь хоёулаа зодож, хүчирхийлдэг байсан бөгөөд хүчирхийлэл үйлдэж байхдаа бичлэг хийдэг байсан хойд аавынх нь утаснаас 800 гаруй бичлэг олджээ. Энэ хэргийн талаар тус улсын эрэн сурвалжлах сэтгүүлчид анх олон нийтэд дэлгэж байсан бөгөөд тэр даруй охины хойд эцэг эхийг баривчилж, мөрдөн байцаах ажиллагааг явуулж эхэлсэн юм. Мөрдөн байцаалтын явцад олдсон мэдээллүүдээс үзэхэд, хойд эцэг эх нь Жон Инийг дор хаяж 15 удаа машинд болон гэрт нь 30 минутаас 4 цагийн хугацаатай ганцааранг нь орхиж байжээ.

Мөн тэдний амьдардаг байрны цахилгаан шатны камерийг шалгаж үзэхэд 2020 оны наймдугаар сард охины хойд эх Жон Инийг цахилгаан шатанд тэрэгтэй нь авч явахдаа асар хүнлэг бус авир гаргаж байсан нь тогтоогджээ. Цахилгаан шатны хаалга нээгдмэгц охиныг тэрэгтэй нь маш хүчтэй түлхснээс болж тэрэг цахилгаан шатны ханыг чанга мөргөж, охины хүзүү толгой нь ихээр доргиж, хойд эх өөрийн төрсөн охиноо хурдан хөдөлж цахилгаан шатанд суухыг шаардан загнаж байгаа нь камерын бичлэгт тодоор үлджээ.

Цахилгаан шат нэгдүгээр давхарт очиж хаалга онгойход хойд эх нь дахин тэргийг хүчтэй түлхэх бөгөөд улмаар Жон Ин охин тэрэгтэйгээ хамт газарт онхолдон унажээ. Өмнөд Солонгос улсад цар тахал хүчтэй тархаж байгаа бөгөөд тэдний гадуур явсан бичлэгийг шүүж үзэхэд эцэг, эх нь өөрсдөө амны хаалт зүүсэн атлаа хоёр охиндоо огт зүүлгэдэггүй байсан нь илчлэгдсэн байна.

-ХОЙД ЭЦЭГ НЬ ОХИНЫГ ОЛОН УДАА ХҮНДЭЭР ГЭМТЭЭЖ, ГЭМТСЭН ХЭСЭГ ДЭЭР НЬ АЛБААР ДАРЧ ӨВТГӨДӨГ БАЙСАН ГЭВ-

Мөн хойд эцэг, эх нь түүнийг удаа дараа хүндээр гэмтээж, бэртсэн байхад нь хүртэл зоддог байжээ. Тухайлбал, 2020 оны зургадугаар сарын эхээр хойд эцэг охиныг хүчтэй цохин зүүн далыг нь хугалсан аж. Зүүн дал нь хугарснаас болж маш их өвдөж шаналж байх үед нь ч гэсэн Ан Мо охиныг удаа дараа зодсоор байв.

Жишээлбэл, тэрбээр охины живхийг сольж байхдаа гэмтсэн мөрөн дээр нь хүчтэй дарж, өвчнийг нь улам хүндрүүлж байсан баримт олдсон аж.

Түүнээс гадна охин газарт хүчтэй савж унасны улмаас дагз нь цөмрөх зэрэг хүнд гэмтлүүд үүссэн байна. Охинд хийсэн шинжилгээгээр охины ходоод цоорсноос болоод юу ч идэж чадахгүй байсан нь тогтоогдсон ба түүний хэвлий цоорсноос болж амьсгалах бүрт агаар гадагшилж, насанд хүрсэн хүний ч тэсвэрлэхээргүй ихээр өвдөж байсан нь батлагджээ. Охиныг сэхээн амьдруулах тасагт ирэхэд нь аврахын тулд гурван удаа оролдлого хийсэн ч харамсалтай нь бүтээгүй юм.

Мөн охины аминд хүрсэн харгис эцэг, эх хоёр мөрдөн байцаалтын явцад мэдүүлгээ олон дахин өөрчилж, худлаа ярьж байгаа нь тогтоогдсон байна. Тухайлбал, охин буйдангаас унасан, үгэнд орохгүй байхаар нь зөөлөн цохисон гэх мэтээр өөрсдийгөө өмөөрч байжээ. Мэргэжлийн хүний мэдээлснээр гурван настай хүүхдэд энэ зэргийн гэмтэл учруулж, аминд нь хүрэхэд дор хаяж 3800-4200Н хүч шаардагдах болно гэжээ. Харин эрэн сурвалжлах сэтгүүлчдийн баг Жон Иний хойд эхтэй төстэй жинтэй эмэгтэй болон охины биетэй төстэй хэмжээтэй туршилтын хүүхэлдэй ашиглан хүүхэлдэйг чангаар цохиж, дээр нь гишгэж үзэхэд 1927Н хүч болж байсан нь охин ямар хэрцгий зодууруудыг өөр дээрээ мэдэрч байсан гэдэг нь батлагдаж байгаа юм.

-ХАРГИС ХОСУУДЫН МӨРДӨН БАЙЦААЛТЫН АЖИЛ ҮРГЭЛЖИЛЖ БАЙГАА БӨГӨӨД ИРГЭД ХҮНД ЯЛ ОНООХЫГ ШААРДАЖ БАЙНА-

Охиныг амиа алдахаас хэдхэн сарын өмнө тус хоёр хос солонгосын EBS телевизийн "Энгийн нэгэн гэр бүл" хэмээх нэвтрүүлэгт аз жаргалтай гэр бүлийн дүр эсгэн оролцох үедээ аав нь “Зөвхөн алдартнууд ч биш, бидэн шиг хүмүүс ч хүүхэд үрчилж авах шийдвэр гаргаж болдог гэдгийг харуулахыг хүссэн. Хүүхэд үрчилж авна гэдэг ичих зүйл биш, харин ч баярлах ёстой зүйл" гэж хэлж байжээ. Тэдний энэхүү дүр эсгэлтэнд олон хүмүүс хууртаж, тэднийг аз жаргалтай гэр бүл хэмээн сайшааж байсан юм. Одоогоор тэдний мөрдөн байцаалтын ажил дуусаагүй байгаа бөгөөд аль болох хүнд ял оноохыг БНСУ-ын нийт ард иргэд шүүхээс шаардаж байна. Ян Мо, Ан Мо нар Жон Инийг удаа дараа зодож, хүчирхийлсэн хэргээ хүлээж, гэм буруутай нь тогтоогдсон ч хүн амины хэрэгт холбогдуулж, яллахад нотлох баримт дутмаг байгаа талаар хуулийн ажилчид мэдэгджээ. Мөн хэрэгтнүүд сэтгэцийн өөрчлөлттэй байж болзошгүй тул ноогдох ялын хэмжээ хөнгөрч магадгүй гэдгийг эрх баригчид мэдээлж байна.