БНСУ-д дахин нэг сүмтэй холбоотой халдварын томоохон голомт үүсжээ

БНСУ-д дахин нэг сүмтэй холбоотой халдварын томоохон голомт үүсжээ

БНСУ коронавирусийн шинээр илрэх халдварын тоог амжилттай бууруулж чадаж байсан ч сүүлийн өдрүүдэд "IM Сон” гэх сүмийн харьяанд  зөвшөөрөлгүй  сургалт явуулдаг  "TCS", "IEM" зэрэг Олон улсын сургуулиудын үйл ажиллагаатай холбоотой халдварын тохиолдол нэмэгдэж байна.

Энэ сарын 25-ны өдөр гэхэд Дэжон  хот  дахь уг сүмийн сургуульд номлол сонсож байсан 127 хүн халдвар аваад байсан бол өнөөдөр улсын хэмжээнд бүртгэгдсэн халдварын 497 тохиолдлын ихэнх нь уг голомтоос үүдэлтэй аж.

Тиймээс тус улсын Засгийн газраас сүмтэй холбоотой бүхий л газруудад тандалт шинжилгээг өргөнөөр зохион байгуулж байна. “TCS”, “IEM” гэх сургалтын байгууллагууд нь хүүхдүүдэд англи хэлний сургалт явуулах журмаар сүмээ сурталчилдаг гэж хэлж болно. Коронавирусийн улмаас сургуулиудын үйл ажиллагаа түр хугацаагаар зогссон байгаа тул эцэг эхчүүд хүүхдүүдээ уг сургалтад олноор хамруулах болжээ.

Өнгөрсөн жил БНСУ-д Христийн шашны Шинчонжи сүмтэй холбоотойгоор маш олон хүн коронавирусийн халдвар авч байсан билээ. Тэгвэл саяхан Сөүлээс 270 км зайд орших Санжу хотын тосгонд байрлах “BTJ Ёлбан  төв" гэх Христийн урсгалын  сургалтын  төвийн үйл ажиллагаатай холбоотой 700 гаруй хүн халдвар авсан юм.