ОХУ-д болсон жагсаалын үеэр цагдаагийн биед халдсан дөрвөн иргэнд эрүүгийн хэрэг үүсгэжээ

ОХУ-д болсон жагсаалын үеэр цагдаагийн биед халдсан дөрвөн иргэнд эрүүгийн хэрэг үүсгэжээ

ОХУ-ын улсын сөрөг хүчний удирдагч А.Навальныйг суллахыг шаардсан жагсагчид өнгөрсөн бямба гарагт /2021.01.23/ ОХУ-ын хэд хэдэн хотод цуглан, эсэргүүцлийн жагсаал зохион байгуулсан нь дэлхий нийтийн анхаарлыг татсан үйл явдал болж өнгөрсөн билээ.

Москвад болсон жагсаалын үеэр цагдаа нар энгийн иргэдтэй мөргөлдөж, 1200 гаруй иргэнийг баривчилсан. Ингэхдээ хүч хэрэглэсний улмаас олон тооны хүнийг гэмтээсэн юм. Жагсаалд чухам хэдэн хүн оролцсон талаар ОХУ-ын хэвлэлүүд тун "даруухан" тоо бичиж байсан ч Герман болон АНУ-ын хэвлэлүүдийн бичиж буйгаар А.Навальныйг суллахыг шаардсан эсэргүүцлийн жагсаал ОХУ-ын 60 гаруй хотод болсон бөгөөд 40 мянга гаруй хүн оролцсон аж.

ОХУ-ын Мөрдөн байцаах хорооны Москва хэлтсийн мэдээлснээр тус жагсаалын үеэр гвардийн хоёр офицер болон цагдаа нарт бие махбодийн хүнд гэмтэл учруулсан дөрвөн иргэнд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа талаар мэдэгдсэн байна. Тус иргэд нь цагдаа болон офицеруудыг зодож гэмтээн, албаны машиныг эвдэж сүйтгэсэн гэжээ.

Эх сурвалж: TASS