ТАНИЛЦ: Шүүгчид улс төрчидтэй уулзсан бол тэмдэглэл хөтөлж бүртгэнэ

ТАНИЛЦ: Шүүгчид улс төрчидтэй уулзсан бол тэмдэглэл хөтөлж бүртгэнэ

Өчигдөр \2021.01.05\ УИХ-ын Хууль зүйн байнгын хороо  шөнө болтол хуралдаж шүүхийн тухай хуулийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Уг хуулийг хэлэлцэх явцад АН-ын бүлэг хоёр ч удаа завсарлага авсан. Хуулийг баталснаар Монгол Улсын Ерөнхийлөгчөөс ихээхэн хамааралтай байгаа шүүхийн томилгоо өөрчлөгдөж бие даасан байдал сайжирна гэж хуульчид тайлбарлаж байгаа. Харин АН-ын хувьд шүүхийн шинэчлэлийг явуулах сонирхол байхгүй байгаа нь Ерөнхийлөгч Х.Баттулгын эрх мэдлийг хамгаалах гэсэн алхам гэж улс төрийн хүрээнд ярьж байна. 

Нөгөө талдаа “Шүүхийн ерөнхий зөвлөлийнхөн эрх мэдлээ хадгалж үлдэхийн тулд амь тэмцэн лобби хийж байна. Хууль батлагдах юм бол шүүгч нар даргаас хамааралтай байдлаас сална. Тэгэхээр одоогийн зөвлөлийн гишүүдийн эрх мэдэл багасна.Тийм болохоор эрх мэдлээ авч үлдэхийн төлөө амь тэмцэж байна” гэж УИХ-ын гишүүн Б.Энхбаяр мэдэгдсэн. Ямартай ч энэ удаагийн шинэчлэлээр шүүхийг Ерөнхийлөгч болон бусад эрх мэдэлтнүүдээс холдуулах зорилго мөн бий. 

Шүүхийн хуулиар ямар өөрчлөлт орж буй мэдээллийг хүргэж байна. 

ТУХАЙЛБАЛ,

  • Төслийн 37.7-д “Танхимын тэргүүнийг тухайн шүүхийн зөвлөгөөн дотроосоо нууц санал хураалтаар, гурван жилийн хугацаагаар сонгох бөгөөд түүнийг нэг удаа улируулан сонгохоор болов. 
  • Шүүгчийг Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхчүүдийг одонгоор шагнах, улсын тэтгэврийг өргөтгөн нэмэгдэх тухай хуульд зааснаас бусад цол, одон, тэмдэг, шагнал олгохыг хориглоно
  • Шүүгчийн амь нас, эрүүл мэндийн даатгалын хураамжийг улсын төсвөөс хариуцна. Шүүгч эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн тохиолдолд эрүүл мэндийн даатгалаас хэтэрсэн зардал, түүнчлэн өвчтэй, эсхүл хөгжлийн бэрхшээлтэй болсон бол түүний цалин хөлсийг бүрэн хэмжээгээр олгоно.
  • Шүүгчийн сахилгын хороо байгуулагдана.
  • Шүүхийн ерөнхий зөвлөлийн 10 гишүүний тавыг УИХ -ын нээлттэй сонсгол хийж нэр дэвшүүлсний үндсэн дээр Монгол Улсын Ерөнхийлөгч томилно. Монгол Улсын Ерөнхийлөгч уг томилгоог 14 хоногийн дотор батламжлах үүрэгтэй. Үлдсэн таван гишүүнийг нийт шүүгчдийн чуулганаас томилно. Ингэснээр шүүхийн ерөнхий зөвлөл хараат бусаар ажиллах боломжтой болно.
  • Шүүгчид улс төрд нөлөө бүхий албан тушаалтнуудтай уулзах бол ямар асуудлаар уулзаж байгаа тухайгаа тодорхой тэмдэглэл хөтөлж бүртгэнэ. Тэмдэглэл хөтлөөгүй бол сахилгын хариуцлага тооцох үндэслэл болно.
  • Шүүгчид албан гүйцэтгэхэд нь нөлөөлөх гэж оролдсон бол энэ тухай нөлөөллийн мэдүүлэг бөглөж ямар тушаалтан хэрхэн нөлөөлөх гэж оролдсоныг мэдэгдэх үүрэгтэй.
  • Шүүхийн төсвийг УИХ-ын хууль зүйн байнгын хороонд өргөн мэдүүлж өмнөх жилийнхээс буулгахгүйгээр батална.