Иргэнийг тонгорч унаган толгой дээр нь өвдөглөсөн үйлдлийг шалгаж байна

Иргэнийг тонгорч унаган толгой дээр нь өвдөглөсөн үйлдлийг шалгаж байна

Нэр бүхий цагдаа нар иргэнийг саатуулж, шаардлага тавин улмаар газарт хэвтүүлж, гарыг нь мушгих зэргээр гүйцэтгэх ажиллагаа явуулсан бичлэг өчигдөр олон нийтийн сүлжээнд тарсан. Бичлэгт тодорхой харагдахгүй ч иргэний зүгээс толгой нь өвдөж буйг илэрхийлж, амьсгалж чадахгүй байна хэмээн хэд, хэдэн удаа хэлсэн байдаг.

-Б.БААТАРХҮҮ: ШАЛГАЖ ДУУСААД МЭДЭЭЛЭЛ ӨГНӨ-

Уг үйл явдлын учир шалтгаан одоогоор тодорхойгүй цагдаагийн байгууллага шалгаж буйг ЦЕГ-ын Хэвлэл, мэдээллийн төвийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Баатархүү хэллээ. Түүний хувьд хэргийг шалгаж дууссаны дараа мэдээлэл өгөх боломжтой гэсэн юм.

Цагдаа шаардлага тавихад иргэн биелүүлээгүйн улмаас нөхцөл байдал хүндэрсэн үү эсвэл цагдаа нар сүржигнэж иргэний биед халдан эрхийг нь зөрчсөн үү гэдэг нь шалгалтын дараа тодорхой болох биз ээ.

Олон нийтийн сүлжээнд уг асуудал иргэдийг хоёр талцуулан зарим нь”Шаардлага хүлээж аваагүй бол хохино. Зөв” гэж буй бол нөгөө хэсэг нь “Өнөөдөр энэ залууг өвдөглөж буй бол маргааш биднийг ч өшигчинө” хэмээн үзэл, бодлоо илэрхийлж байна. Учир нь өнгөрсөн тавдугаар сард АНУ-ын Миннеаполис хотод цагдаа нар Жорж Флойд гэх өнгөт арьст залуугийн хүзүүн дээр өвдөглөж байгаад амь насанд нь хүрсэн хэрэг гарсныг нь өчигдөр мөн иргэд сануулжээ. Цаашлаад хүний амь нас эрсдвэл цагдааг төр хамгаалахгүй бөгөөд 2008 оны долдугаар сарын 1-нд цагдаа нарт үүрэг өгч гүйцэтгэх ажиллагаанд дайчилчихаад эцэст нь золиосонд гаргаж шоронд явуулж байсныг санах хэрэгтэй гэдгийг ч олон нийтийн зүгээс анхааруулж байв.

-ОЛОН НИЙТ ЮУ ГЭЖ Ч ЯРЬЖ БОЛОХ БӨГӨӨД ГАГЦХҮҮ
ХУУЛИНД ЗАХИРАГДАХ ЁСТОЙ БИЛЭЭ-

Гэхдээ хэн, юу ч гэж тайлбарлаж болох бөгөөд гагцхүү хуулийн дагуу ажиллаж, мөрдөх ёстой юм. Тухайлбал, бид эцэг хууль буюу Үндсэн хуулиараа “Онц болон  дайны байдал зарласан тохиолдолд Үндсэн хууль, бусад хуульд заасан хүний эрх, эрх чөлөөг гагцхүү хуулиар хязгаарлаж болно. Тийнхүү хязгаарласан хууль нь хүний амьд явах эрх, итгэл үнэмшилтэй байх, шашин шүтэх, эс шүтэх эрх чөлөө, түүнчлэн хэнд боловч эрүү шүүлт тулгах, хүндэг бус, хэрцгий хандахыг хориглосон хуулийн заалтыг үл хөндөнө” гэж заагаад өгчээ.

Үүнийгээ Гамшгаас хамгаалах хуулиндаа баталгаажуулсан байна.

  • 10.9.2. ...Хүн амын эрүүл мэнд, эсхүл хүний бусад үндсэн эрх, эрх чөлөөг хамгаалах зорилготой байх;
  • 10.9.4. ...Хэнд боловч эрүү шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий хандахыг хориглосон Монгол Улсын Үндсэн хуулийн заалтыг хөндөөгүй байх.
  • 10.10.Гамшгаас хамгаалах зорилгоор гарах шийдвэр, арга хэмжээ нь иргэний үндсэн эрх, эрх чөлөөг тухайн нөхцөлд тохируулан хамгийн бага хязгаарласан байна.
  • 37.2 Иргэний хүлээх үүрэг
  • 37.2.1.гамшгаас хамгаалах хууль тогтоомж, эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас гаргасан шийдвэрийг биелүүлэх;
  • 52.1.Гамшгаас хамгаалах тухай хууль тогтоомж зөрчсөн гэм буруутай этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол Төрийн албаны тухай хууль, Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага оногдуулна.

МӨН ЗӨРЧЛИЙН ТУХАЙ ХУУЛИНДАА

  • 5.13.2. Гамшиг, аюулт үзэгдэл, халдварт өвчин, осол, аюулын үед эрх бүхий байгууллагаас тогтоосон хорио цээр, хөдөлгөөний хязгаарлалт, тэдгээрийн дэглэм зөрчсөн, эсхүл саад учруулсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл долоогоос гуч хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулах, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

Тэгэхээр хуулиндаа иргэнтэй ёс бус хандах, биед нь халдахыг хориглосон гэсэн үг. Цагдаагийн тавьсан шаардлагыг хүлээж аваагүй бол торгох, баривчлах шийтгэх оногдуулах л хуулийн заалттай аж. Тэгэхээр цагдаа нар гүйцэтгэх ажиллагаа явуулахдаа хүнлэг бус хандсан байх магадлалттай болж байна.

Нөгөөтэйгүүр хэн нэгний бие махьбодид халдаж буй энэ үйлдэлд алга ташин хүлээж авах иргэд ч бий. Гэтэл бид хүний эрх, эрх чөлөөг аль цаг үед хэрхэн, зохицуулахаа тов тодорхой хуулиндаа заагаад өгчихсөн байна. Гагцхүү хуулиараа маргааш таны бие махьбодьд халдах ч хориотой гэсэн үг. Мөн Цагдаагийн албаны тухай хуулийн 23.7 дугаар заалтад цагдаагийн албан хаагчийн шаардлагыг биелүүлээгүй бол албадан гүйцэтгэж, хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ гэж заасан ч энэ нь өшиглөх, тонгорч унаган толгой дээр нь өвдөглөх тухай ойлголтоос тэс зөрүүтэй гэж хүний эрхийн мэргэжилтнүүд тайлбарлаж буй юм.