Ц.Одонтуяа: Нутаг буцна гээд байраа хүлээлгээд өгчихсөн. Одоо хаачихаа ч мэдэхгүй аргаа бараад сууж байна

Ц.Одонтуяа: Нутаг буцна гээд байраа хүлээлгээд өгчихсөн. Одоо хаачихаа ч мэдэхгүй аргаа бараад сууж байна

Хоёр хоногийн өмнө бид Франкфурт-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор Австри улсаас энэ сарын 19-ний өдөр эх орондоо ирэх байсан ч дотоодод халдвар тархсантай холбоотойгоор, нислэг нь тодорхойгүй хугацаагаар хойшилж, гудамжинд гарахаас өөр аргагүй нөхцөл байдалд орсон иргэнтэй ярилцсан билээ.

Тэгвэл энэ удаад Польшид гацсан нэгэн иргэн бидэнд хандлаа. Тэрээр өнгөрсөн оны 12-р сард тус улсад гэр бүлийн хамт түр хугацааны ажлаар очсон боловч цар тахлын улмаас гацаж, өнөөг хүрчээ.

Энэ хугацаанд тусгай үүргийн онгоцны билет болон тусгаарлалтын зардлаа олохоор олон төрлийн ажил хийж “одоо л нэг эх орондоо очъё” гэтэл дотоодод халдвар гарсны улмаас дахин хүний нутагт, халдварын ид үед гацаж орхижээ.

-АРАВДУГААР САРЫН 30-НД БАЙРАА ХҮЛЭЭЛГЭН ӨГЧ НУТАГ БУЦАХ ӨДРӨӨ ХҮЛЭЭЖ БАЙСАН ХҮМҮҮС Ч ОЛОН БИЙ-

-Сайн байна уу. Та юуны өмнө бидэнд өөрийгөө танилцуулаач. Хэзээ  Польш улсад очсон бэ?

-Сайн. Сайн байна уу. Бидний нөхцөл байдлыг ойлгон ярилцлага авч, бидний дуу хоолой болж байгаад маш их баярлалаа. Намайг Цогтгэрэлийн Одонтуяа гэдэг. Польш улсаас та бүхэнтэй холбогдож байна. Энд 2019 оны  12-р сард гэр бүлийн хүний хамт түр ажлаар ирсэн боловч Ковидын улмаас буцаж амжилгүй гацсан. Түр ажлаар ирсэн тул ой хэдхэн сартай хүүхдээ аав, ээждээ үлдээгээд ирсэн юм.

-Тусгай үүргийн онгоцны билетийг хэзээнээс хөөцөлдөж эхлэв?

Тусгай үүргийн нислэгт гуравдугаар сард бүртгүүлсэн. Нислэгт багтсан гэсэн хариу таван сарын дараа буюу наймдугаар сард нэг ирсэн. Бид энд ирээд аль хэдийн 7,8 сар болчихсон, амьжиргааныхаа зардалд мөнгөө зарцуулдаг байсан тул хоёр хүний нислэгийн төлбөр тухайн үед байгаагүй юм. Тиймээс олдсон ажлыг хийсээр дахин хүлээж байсан. Ингээд 11-р сарын 19-ний нислэгт багтаж, бүх зардал мөнгөө тушаан, байраа 18-нд хүлээлгэж өгөхөөр болсон. Гэвч нислэг хойшлогдсоноор бид орон байргүй болж, мөн хамаг юмаа шавхан билетээ авсан тул халаасандаа сохор зоос ч үгүй байна. Өнөөдөр бид байрнаасаа гарна. Хамаг ачаагаа бэлдчхээд хаачихаа мэдэхгүй л сууж байна. Буудлуудад байрлая гэсэн ч Европт цар тахал эрчимтэй тархаж байгаа болохоор хөл хориогоо чангаруулж, буудлууд ч хаалгаа барьсан.

-Нислэгээ цуцалж, мөнгөө буцаан авах боломжтой юу?

-Транзит нислэгийн билетээ буцаах боломжгүй, хатуу нөхцөлтэйгөөр эрт захиалсан. Польшоос Франкфурт руу нисэх онгоц гэсэн үг. МИАТ-н зүгээс бас буцаах боломжгүй байгаа.

-Холбогдох элчингийн газартаа хандаж үзсэн үү. Ямар хариу өгч байна?

-Элчинтэйгээ холбоотой байгаа ч, тэдний зүгээс хийж чадах зүйл байхгүй гэсэн хариулт өгсөн. УОК, Засгийн газрын шийдвэрийн дагуу л ажиллаж байгаа тул ямар нэгэн шийдвэр гаргах боломжгүй гэсэн.

-Дотоодод халдвар тархсантай холбоотойгоор УОК-оос арванхоёрдугаар сард тусгай үүргийн нислэгүүд хийнэ гэсэн шийдвэр гаргасан. Та сая билетийн мөнгөө цуглуулахын тулд ажил хийж байсан гэсэн шүү дээ. Одоо үргэлжлүүлэн Польшид ажил хийх боломж, нөхцөл хэр байна вэ.

-Өмнө нь бид олдсон цагийн ажлыг л хийж байсан. Цар тахлын улмаас хөл хорио тогтоож ажлын байр ч багассан. Одоо бол Европт цагийн ажил ч олдохгүй хэцүү нөхцөл байдалтай байна. Бидний байгаа Польш улсад л гэхэд “Ковид”-ийн хоёрдугаар давлагаа аль хэдийн эхэлчихсэн. Нэг өдөрт 20-30 мянган шинэ тохиолдол бүртгэгдэж, эмнэлгийн ачаалал нэмэгдэн, гадуур хатуу хөл хорио тогтоочихсон байгаа.

-Та өнөөдөр байраа хүлээлгэн өгч байгаа юм байна. Одоо гараад хаана байрлая гэж бодож байна?

-Тийм ээ. Бид одоо хаачихаа үнэхээр мэдэхгүй байна. Зарим хүмүүс маань бүр аравдугаар сарын 30-нд байр, саваа хүлээлгэж өгөөд 19 хүртэл энэ тэрүүгээр хоног төөрүүлээд явж байна. Тэдгээр хүмүүс  интернет орох манатай л явж байгаа байх. Одоохондоо байртай, бас интернет орох боломжтой хүмүүс л дуу хоолойгоо хүргэж чадаж байна. Мөн бидний нислэгийг 12-р сард болгож хойшлуулж байгаа бол бас яг тав тодорхой болгох шаардлагатай байна. Бид транзит нислэгээ ядаж л тодорхой өдөр заан хойшлуулмаар байна. 

-Транзит нислэгээ хүсэлтийн дагуу хойшлуулах бүрэн боломжтой байгаа юу?

-Би амжиж хойшлуулсан 12-р сарын 1 хүртэл хойшлуулсан. Энэ удаагийн Франкфуртын нислэгт 28 орноос 250-аад хүн багтсан бөгөөд өндөр настай хүмүүс, бага насны хүүхдүүд, эрүүл мэндийн асуудлаар ирсэн, жирэмсэн эхчүүд, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс, визнийх нь хугацаа дуусаад хэтэрчихсэн хүмүүс, хичээл нь онлайн болсон оюутан сурагчид гэх мэтчилэн маш олон хүндэтгэх шалтгаантай хүмүүс байна. Эдгээр хүмүүс удаан аргацаагаад байх боломж үнэндээ байхгүй тул Франкфуртын нислэгээ аль болох яаралтай аваасай хүсэж байна.

-МОНГОЛ ХҮН БҮР ЭХ ОРОНДОО ОЧИХ ЭРХТЭЙ-

-Епропын орнуудад хоёр дахь давлагаа эхэлж байна. Польш улсын хувьд яг одоогийн нөхцөл байдал хэр байна вэ. 

-Польшийн хувьд гадаадаас  ирж буй хүмүүс нь гэртээ 10 хоног шинжилгээ өгөхгүйгээр тусгаарлагдах эвсэл шинжилгээ өгөөд шинжилгээний хариу гарах хүртэл буюу ойролцоогоор 4-5 хоног гэртээ тусгаарлагдах гэсэн хоёр сонголттой байгаа. Үүнийг зөрчсөн тохиолдолд 25 мянган злотын/1 злот 754 төгрөг/ торгуультай.  Мөн 11-р сарыг дуустал Польшид хөнгөн хэлбэрийн хөл хорио тогтоосон байгаа. Тус хорионы дагуу дэлгүүр, ресторан, сургуулиуд үйл ажиллагаа явуулах бөгөөд, аялал жуулчлалын зорилготой хүмүүсийг буудалд байрлуулахгүй байх, дээд тал нь 10 хүн уулзах болон 30-аас дээш хүн цуглахыг хориглох, орой 22 цагаас хойш архи худалдаалахгүй байх, ресторанд зөвхөн хоолоо авч явахаар захиалах гэх мэт арга хэмжээнүүд хэрэгжиж байна.

Мөн Ковидийн улмаас үйл ажиллагаа нь доголдсон 50 хүртэлх ажилтантай компаниудад алдагдсан орлогын 75 хувь хүртэлх хувийн дэмжлэг үзүүлэхээ мэдэгдсэн. Нөгөө талаас иргэд нь маш ухамсартай байгаа. Хэрэв өвчний шинж тэмдэг ирэлвэл өөрийгөө тусгаарлаж гадагшаа гарахгүй байх, олон нийтийн газар 1,5 м зай барих, амны хаалтаа зүүж гараа тогтмол угаах гэх мэт зөвлөмжүүдийг өгч байна.

-Халдвараас хамгаалах амны хаалт, ариутгагч бодис гэх мэт зүйлсийн хүртээмж болон үнэ хэр байна вэ?

-Халдвараас хамгаалах хэрэгслүүдийн хувьд хүртээмжтэй байгаа. Үнийн хувьд сайн муугаасаа хамаарч янз бүр байгаа.

-Таны байдлыг сайн ойлголоо. Та бүхний зүгээс УОК, Засгийн газарт ямар хүсэлтийг ирүүлмээр байна вэ?

-Бид хүний нутагт арван сар гацаж байна. Буцах хүсэлтээ өгч, хүлээж байх хугацаандаа зардлаа олох гэж олдсон ажлуудыг гололгүй хийсээр өдийг хүрлээ. Арайхийн төлөвлөгөөт нислэгтээ багтаж өөрсдийн зүгээс шаардагдах 5-6 сая төгрөгийн  бүх төлбөр тооцоо болон асуудлуудаа зохицуулан арваннэгдүгээр сарын 19-ний нислэгээр эх орондоо очно гэж бүх зүйлээ бэлдээд сэтгэл догдлон хүлээж байв. Гэвч Засгийн газар болон УОК-оос гаргасан гэнэтийн шийдвэр нь биднийг гудманд гарч, хөсөр хаягдахад хүрлээ. Монгол хүн бүр эх орондоо очих бүрэн эрхтэй тул төлөвлөгөөт нислэгийн хуваарь дахин гаргаж яаралтай биднийг аваасай гэж хүсэж байна. 250 хүний ард тэдний аав ээж, үр хүүхэд гэр бүл гээд 1000 гаруй хүн сэтгэл зүйн болон санхүүгийн гүн хямралд ороод байна.

Мөн ингэж гацсаны улмаас хайртай хүмүүстэйгээ уулзаж чадахгүй хагацал зовлон үзсээр байна. Улсын маань байдал одоогоор хүнд байгааг ойлгож байна. Гэхдээ  10 сарын турш хилээ хаан дотооддоо халдвар алдаагүй бас хэрэв алдвал яах вэ гэсэн хангалттай бэлтгэл хийж, туршлагатай болж амжсан байх гэж найдаж байна. Бид бүгд эндээс шинжилгээгээ өгч явахаас гадна 21 хоногийн тусгаарлалт, мөн 14 хоногийн гэр тусгаарлалтад байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын үзэж байгаагаар “Ковид 19”-ийн шинж тэмдэг тухайн хүн халдвар авснаас хойш 5-6 хоногийн дотор, бүр хамгийн удаандаа илэрлээ гэхэд 14 хоногийн дотор илэрдэг юм байна. Тэгэхээр хэрвээ эндээс очиж байгаа хүн халдвартай байлаа гэж бодоход буудалд тусгаарлагдах 21 хоногт “Ковид-19”-ийн халдварын шинж тэмдэг зайлшгүй илэрч оношлогдоно гэсэн үг. Одоогоор дэлхийн аль ч улсад 21 хоногийн дотор илрээгүй халдвар бүртгэгдээгүй байна. Гэсэн хэдий ч тус 21 хоногт илрэхгүй байлаа гэж бодоход ч коронавирус нь саяхан сэргээсэн гэрийн тусгаарлалтын 14 хоногт заавал илрэх юм. Тиймээс гадуур халдвар тараах үндэслэлгүй.

Энэ нислэг маань төлөвлөгдсөн байсан нислэг тул тусгаарлах байрны асуудлаа ч мөн төлөвлөсөн байх ёстой. Халдвар тарсан явдал нь тусгаарлалтын байрны хяналт, хамгаалалт сул болон зохион байгуулалт буруу хийгдсэнээс болсон гэж үзэж байгаа. Гадаадаас ирж байгаа иргэд шууд тусгаарлагдаж байгаа учир дотоодын халдвар хамгаалалт тусгаарлалтын байр нь шаардлага хангаж байвал асуудал үүсэхгүй гэж бодож байна. Очиж байгаа бүх хүн шинжилгээ өгнө. Иймээс нэн яаралтай бидний нислэгийг шийдвэрлэж өгнө үү хэмээн УОК, Монгол Улсын Засгийн газар, Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх, шадар сайд Я. Содбаатар та бүхнээс хүсэж байна.

-Ярилцсанд баярлалаа.

-Баярлалаа.