ТОДРУУЛГА: Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэгт 21 хоногийн хөл хорио тогтоож, ээлжийн эмч ажилчдыг тусгаарласан

ТОДРУУЛГА: Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэгт 21 хоногийн хөл хорио тогтоож, ээлжийн эмч ажилчдыг тусгаарласан

Дэлхий даяар коронавирусийн халдвар тарж эхэлснээс хойш манай улс арван сарын турш халдварыг дотооддоо алдалгүй амжилттай барьж байсан ч 21 хоногийн тусгаарлалтаасаа гарсан ачаа тээврийн жолоочоос халдвар илэрч, уг халдварт өвчнийг хяналтаасаа алдсан билээ. Одоогоор ХӨСҮТ-ийн эмч, ажилчидтай нийлээд дотоодын 16 халдвар бүртгэгдээд буй. Үүнээс Сэлэнгэ аймагт батлагдсан нийт дөрвөн тохиолдол байгаа бөгөөд тэдгээрийг нэн яаралтай тусгаарлаж, ойрын болон дам хавьтлуудыг олж илрүүлэх ажил үргэлжилсээр байна. Нийслэл хотод илэрсэн ачаа тээврийн жолоочтой холбоотой батлагдсан тохиолдлуудаас гадна Сэлэнгэ аймагт мөн тусдаа тохиолдлууд бүртгэгдсээр байгаа нь иргэдийн анхаарлыг ихээр татаж, тэднийг айдаст автуулаад байна.

Тодруулбал энэ сарын 13-ний өдөр Сэлэнгэ аймгийн иргэн 74 настай Ц-ээс халдвар илэрсний дараа түүний бэр болон ач хүү нь мөн халдвар авсан нь тогтоогдсон юм.

Харин өчигдрийн байдлаар Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэгт хэвтэж байсан 11 настай хүүгээс халдвар илэрсэн талаар Эрүүл мэндийн яамнаас мэдээлсэн билээ. Одоогоор Сэлэнгэ аймагт нөхцөл байдал ямар байгаа талаар бид Сэлэнгэ аймгийн иргэн Э-ээс тодрууллаа.

-АЙМГИЙН ИРГЭД “ЧӨЛӨӨТ БҮС”-ЭЭС ХАЛДВАР АЛДАГДСАН
БАЙХ МАГАДЛАЛТАЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙГАА-

-Сэлэнгэ аймагт коронавирусийн нийт дөрвөн тохиолдол бүртгэгдчихлээ. Хаанаас уг халдварт өвчин алдагдчихлаа гэж бодож байгаа вэ?

-Тийм ээ, аймгийн бүх иргэд л энэ асуултын хариултыг хайж байна. Хаанаас яаж алдагдсан нь одоог хүртэл тодорхойгүй байна. Зарим иргэдийн зүгээс аймгийн чөлөөт бүсээс халдвар алдагдсан байх магадлалтай гэж үзэж байгаа. Учир нь иргэд өнгөрсөн хугацаанд чөлөөт бүс рүү гарч их худалдаа наймаа эрхэлж байсан. Тус бүс рүү орохыг саяхнаас л хориглосон. Анх халдвар илэрсэн ахмад настны талаар таньдаг хүмүүс нь уг нь их л цэвэр цэмцгэр айл байсан гэж ярьж байна лээ.

-Өчигдөр нэгдсэн эмнэлэгт хэвтэж байсан хүүгээс халдвар илэрсэн шүү дээ. Тухайн хүү хаанаас авсан байх магадлалтай бол?

-Тус хүү нь Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын IV-р арван жилийн сургуулийн 6-р ангийн сурагч Х. Харин 74 настай Ц-ийн ач хүү нь мөн тус сургуулийн 5-р ангид сурдаг юм билээ. Тэгэхээр хоорондоо контактласан байх магадлалтай. Одоогоор “Х”-тэй нэгдсэн эмнэлгийн Хүүхдийн тасагт хэвтэх хугацаанд хамт байсан 1-р хавьтлын 17 хүүхэд, “Х”-гийн ангийн болон ээлжийн ангийн 117 хүүхэд, 21 багш нийт 138 хүний судалгааг гарган сорьц шинжилгээнд хамруулж байна.

-АЙМГИЙН ХЭМЖЭЭНД АЖИЛЛАХ ЭМЧ, СУВИЛАГЧ ХАНГАЛТГҮЙ БАЙГАА ТУЛ СУМДУУДААС НЭМЭЛТ ХҮЧ ТАТАЖ БАЙНА-

-Сэлэнгийн нэгдсэн эмнэлгийг 21 хоногийн хугацаанд битүүмжилсэн гэсэн мэдээлэл байна?

-Тийм ээ, өчигдрөөс эхлэн 21 хоногийн хугацаанд аймгийн нэгдсэн эмнэлгийг битүүмжлэн хэнийг ч оруулж, гаргах боломжгүй болгосон. Тухайн халдвартай хүүхдэд үйлчилж байсан ээлжийн бүх эмч, сувилагч, ажилчдыг тусгаарласан. Үүнээс болж аймгийн хэмжээнд эмч, сувилагч, цагдаагийн алба хаагчдын хомсдолд орж сумдуудаас нэмэлт хүч татаж байна. Мөн Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлгийн Сувилахуйн албанаас сувилагчаар төгссөн ажилгүй иргэдэд ажиллах санал тавьж байна.

-АЙМГИЙН НЭГДСЭН ЭМНЭЛГИЙН СУВИЛАХУЙН АЛБАНААС СУВИЛАГЧААР ТӨГССӨН АЖИЛГҮЙ ИРГЭДЭД АЖИЛЛАХ САНАЛ ТАВЬЖ БАЙНА-

-Одоогоор тус аймагт хэдэн хүн тусгаарлагдаж байгаа вэ?

-Өнөөдрийн байдлаар Сэлэнгэ аймгийн Нэгдсэн эмнэлгийн халдвартын тасгийн тусгаарлах байранд 12, "Номин" зочид буудалд иргэн Ц-гийн ойрын хавьтлын 24, нийтдээ 36 иргэнийг тусгаарлан ажиглаж байна.

-Аймгийн удирдлагуудаас одоогоор ямар арга хэмжээ авч хэрэгжүүлж байна вэ?

-Аймгийн Онцгой комиссоос эрсдэл өндөртэй энэ өдрүүдэд хөл хорионы дэглэмийг чанад сахиж гэрээсээ гарахгүй байхыг нэн түрүүнд зөвлөж байгаа. Мөн өнөөдрөөс эхлэн аймгийн төвийн хэмжээнд явуулын баг ажиллаж, иргэдээс түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авч эхэлсэн. Өнөөдрийн байдлаар Онцгой байдлын газар, Цагдаагийн газар, Сэлэнгэ энерго, Олон улсын худалдааны төв, Гааль, Төмөр замын ажилчдаас шинжилгээ авахаар нэгдсэн эмнэлгээс томилогдсон 20 хүнтэй 5 ажлын хэсэг томилон ажиллуулж байна. Мөн Сүхбаатар сумын нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайг ариутгаж байгаа.