Иргэдийг хамгийн ойр байрлах худалдааны газруудаас хүнсээ цуглуулахыг зөвлөлөө

Иргэдийг хамгийн ойр байрлах худалдааны газруудаас хүнсээ цуглуулахыг зөвлөлөө

Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлыг зарласантай холбоотойгоор ЭМЯ-аас өдөрт хоёр удаа мэдээлэл хийж буй. Өнөөдрийн 17.00 цагийн мэдээллийн үеэр ЦЕГ-ийн Хэвлэл мэдээллийн төвийн цагдаагийн хурандаа Ц.Баатархүү замын хөдөлгөөний хязгаарлалтын талаар мэдээллээ. 

Тэрээр “УОК, Засгийн газраас гаргасан шийдвэрүүдийн дагуу замын хөдөлгөөний хязгаарлалт хийгдсэн. Үүнтэй холбоотойгоор олон нийтийн сүлжээгээр буруу ташаа, үл ойлголцох мэдээлэл гарлаа. Бид Засгийн газраас гаргасан шийдвэрийн дагуу ажиллаж байгаа. Цагдаа нар иргэдийг явганаар яв, автомашинаар яв гэдэг байдлаар ямар нэгэн шаардлага тавиагүй. Ийм шаардлага тавьсан бол хүлцэл өчье. Тээврийн цагдаагийн албан хаагчид зам дагуу хөдөлгөөний хязгаарлалт хийж, тээврийн хэрэгслийг хөдөлгөөнд оролцуулахгүй байх шаардлага тавихад иргэд бухимдалтай байлаа. Бид Нийслэлийн Засаг даргын гаргасан захирамжийн дагуу 13 чиглэлийн байгууллагын ажилчдаас бусад хүний үйл ажиллагааг хязгаарлах шаардлага тавьж ажиллаж байна. Гэвч бичиг баримтгүй иргэд албан хаагчдын шаардлагыг үл ойшоож, бухимдах тохиолдол гарч, хүндрэл учруулж байна. 

Түүнчлэн иргэд хүнсээ цуглуулахдаа Баянхошууны эцсээс Баянзүрх дүүрэгт байрлах зах руу очих гэх мэтээр гэрээсээ маш холоос хүнсээ цуглуулж байна. Тиймээс иргэд гэртээ хамгийн ойр байх хүнсний дэлгүүр, захаас хүнсээ цуглуулж, өөрийн болон бусдын эрүүл мэндийг хамгаалахыг хүсэж байна” гэлээ.