Т.Мөнхсайхан: Халдвар авсан жолооч хашаандаа гэр бүлийн хамт болон ээж, аавтайгаа амьдардаг байсан

Т.Мөнхсайхан: Халдвар авсан жолооч хашаандаа гэр бүлийн хамт болон ээж, аавтайгаа амьдардаг байсан

Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж мэдээлэл хийх үеэр Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан сэтгүүлчдийн асуултад хариулсан юм.

-Халдвар илэрсэн иргэний ойрын хавьтлуудын талаар мэдээлэл өгч болох уу?

-Тусгаарлалтаас гарсан иргэдэд байнгын тандалт хийдэг. Үүний дагуу тандалт хийсэн. Тухайн жолооч эхнэр, нэг болон дөрвөн настай  хоёр хүүхдийн хамт амьдардаг. Хашаанд нь мөн аав ээжийнх нь гэр байдаг юм байна. Тэдгээр бүх хүмүүсийг тусгаарласан, одоогоор шинжилгээ хийж байна.

-Халдвар авсан иргэдийг эмчлэх тохиолдолд орны нөөц хангалттай байгаа юу?

-Орны бэлэн байдлыг хангаж  ажиллаж байна. Одоогоор ХӨСҮТ-д эмчлэх шаардлагагүй зарим өвчтөнүүдийг дүүргийн эмнэлгүүд рүү шилжүүлж байна. Тэгэхээр 250 ор гарах боломжтой. Мөн Цэргийн төв эмнэлэгт 230 эхийг сахиулагч тусгаарлалтад байгааг энгийн буудал руу шилжүүлэх боломжтой. Ингэхээр нийт 500 ор гарна. Яармагт баригдсан хүүхдийн эмнэлэгт 300 ор байрлуулж эхэлсэн. Нийтдээ мянга орчим орыг бэлэн байдалд байлгаж байна.

-Жолооч Энхсаран сувилалд байхдаа халдвар авсан гэх мэдээлэл байна. Энэ талаар мэдээлэл өгнө үү.

-Энхсаран сувилал дээр халдвар алдагдсан байж болзошгүй гэж таамаглаад тус сувилалд байсан хүмүүсийг ХӨСҮТ-рүү шилжүүлсэн. Тандалт, шинжилгээг үргэлжлүүлж, халдвар хожуу илрэв үү, тусгаарлалтын явцад халдвар авсан уу гэдэг нь тодорхой болно.