УОК-оос гаргасан шийдвэрийг ЗГ-ын Хэвлэл мэдээллийн албаны дарга Ц.Ганзориг танилцуулж байна. Тэрээр “ОХУ-тай хиллэж буй боомтуудад ажлын хэсэг ажилласан. Ажлын хэсэг санал дүгнэлтээ танилцууллаа. Алтанбулаг боомтыг энэ сарын 16-аас эхлэн ирэх оны нэгдүгээр сарын 15 хүртэл хоёр сарын хугацаатайгаар хаах санал гаргаж байна. Нийт 40 орчим тээврийн жолоочоос коронавирусийн халдвар илэрсэн. Гурван жолооч ОХУ-д эмчлүүлэх хүсэлт гаргасны дагуу нутаг буцсан байгаа. Одоо 37 жолооч ХӨСҮТ-д эмчлэгдэж байна. Жолооч нарыг боомтоос эмнэлэг рүү шилжүүлэх явцад ямар нэгэн эрсдэл үүсэж магадгүй гэсэн үүднээс Алтанбулаг боомтыг хоёр сарын хугацаанд хаах саналыг гаргаж байна. Гэхдээ иргэдийн зорчих хөдөлгөөнийг хаахгүй.
Баруун аймгуудаар хиллэж буй Боршоо, Тэс, Арцсуурь, Эрээнцав зэрэг боомтыг энэ сарын 16-аас эхлэн түр хугацаагаар хаах санал гаргаж байна. Харин Цагааннуур боомтыг гарагийн зохицуулалттайгаар хаах санал гаргасан. Маргааш Засгийн Газар эцэслэн шийднэ” гэв.