Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр Улиастайд өнгөрсөн есдүгээр сарын 20-ны өдөр /2020.09.20/ есөн настай охин хойд эцгийнхээ гарт харамсалтайгаар амиа алдсан хэрэг гарсан билээ. Охин Баянзүрх дүүргийн 23 дугаар хороонд хойд эцэг, ээж, эгч, дүүгийн хамт амьдардаг байсан бөгөөд түүний хойд эцэг Б нь уг хэрэгт буруутгагдан шалгаж буй юм.
Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн дүгнэлтээр амиа алдсан есөн настай охиныг гадаргуутай зүйлээр хүчтэй цохисон нь батлагдсан гэж буй. Тодруулбал, шинжилгээгээр гадна талд нүүр, духанд хуучин зулгаралттай. Дотор эрхтнийг шинжлэхэд хоёр талын хавирга хугарч, хуучин бороолсон шинжтэй, 12 хуруу гэдэс няцарсан шархтай, бүдүүн гэдэсний чацархайд шингэн хуралдсан, урьдчилсан байдлаар хэвлийн гялтангийн хордлогоор нас барсан байх магадлалтай гэсэн онош гарч байсан юм.
Талийгаач охины ээж ирэх арванхоёрдугаар сард төрөх бөгөөд тус гэр бүлийнхнийг сэтгэл зүйн зөвлөгөө үйлчилгээнд хамруулах ажлыг Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газраас хийж байгаа аж. Мөн түрээс болон бусад хэлбэрийн орон сууцанд хамруулах эсвэл монгол гэр авч өгөх эх асуудлаар судалж байгаа аж.