УОК: Шинэ жилийн баярыг тэмдэглэхгүй байх шийдвэр гаргасан

УОК: Шинэ жилийн баярыг тэмдэглэхгүй байх шийдвэр гаргасан

Засгийн газраас өнөөдрийн хуралдаанаар гаргасан шийдвэрүүдийнн тухай Шадар сайд, УОК-ын дарга Я.Содбаатар мэдээллээ.

Тэрбээр "COVID-19-ийн нөхцөл байдал хоёр дахь давлагаа гэж нэрлэгдэж байна. Иймээс шинэ жилийн арга хэмжээг хийхгүй байх шийдвэр гаргаж байна. Харин гэр бүлийн түвшинд тэмдэглэх нь нээлттэй. "COVID-19-ийн үед олон амаргүй шийдвэр гаргаж байгаагийн нэг нь шинэ жил тэмдэглэхгүй байх. Монгол Улсын Засгийн газрын хувьд иргэдийн амь насыг нэгдүгээрт тавигдана. Эрсдэлийг тооцож үзээд, шинэ жил тэмдэглэхгүй байх шийдвэрийг гаргалаа. Үйлчилгээний салбарт энэ асуудал хүндээр тусаж байгаа ч 3.2 сая иргэдийн эрх ашгийг хүндэтгэх нь зөв. Төрийн байгууллагуудын нэгдсэн арга хэмжээг хориглохоос аргагүй байдалд байна. Шинэ жилийн үеэр үйлчилгээний байгууллагууд хэвийн ажиллана. 30, 40 хүнтэй нэгдсэн арга хэмжээг хориглож байна" гэлээ.

-СУРАГЧИД АРВАНХОЁРДУГААР САРЫН 18-ААС ХОЁРДУГААР САРЫН 1 ХҮРТЭЛ АМАРНА-

Энэ үеэр ЕБС-ийн сурагчдын амралтын талаар БШУ-ны сайд Л.Цэдэвсүрэн "Сурагчид 12 дугаар сарын 18-н хүртэл хичээллээд хоёрдугаар сарын 1-н хүртэл амарна. Хоёрдугаар сарын 1-нээс хоёрдугаар улирлын хичээл эхэлнэ. “COVID-19”-ийн нөхцөл байдал хүндэрвэл цахимаар хичээллэх бэлтгэлээ бэлдсэн байгаа. ЭМЯ-тай хамтраад эрүүл сургууль, эрүүл цэцэрлэг гэсэн арга хэмжээг хэрэгжүүлж байна. Аль болохоор танхимын хичээлийг үргэлжлүүлэх нь үр дүнтэй гэдэг дээр санал нэгдэж байгаа" гэлээ.