Аравдугаар сарын 1-ний өдөр Ард кино театрт байрлах “Circle K” дэлгүүрийн ариун цэврийн өрөөнд 22 настай эмэгтэй амаржиж, улмаар төрсөн хүүхдээ хогийн саванд хаяж явсан ноцтой хэрэг гарсан.
Тодруулбал, 22 настай эмэгтэй тус дэлгүүрийн ариун цэврийн өрөөнд орж 20 орчим минут болоод гарахдаа хүүхдээ төрүүлээд, улмаар хогын саванд хаяж, дээрээс нь кофены шаар асгасан байхад нь дэлгүүрийн ажилчид олж, түргэн тусламж дуудан хүлээлгэн өгсөн байдаг. Удалгүй цагдаагийн байгууллага тус эмэгтэйг эрэн хайж, шуурхай олж илрүүлсэн бөгөөд өдгөө шалгалтын ажиллагааг явуулж байгаа юм.
Харин дутуу төрж, хогийн саванд хаягдсан нярай ЭХЭМҮТ-ийн эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж байсан ч харамсалтай нь өчигдөр амьсгал хураажээ. Эх сурвалжийн мэдээлж буйгаар хүү толгойдоо авсан гэмтлээ даагаагүйн улмаас нас барсан байна. Хүүгийн эх Н хүүг ариун цэврийн өрөөнд төрүүлж, улмаар суултуурын усанд урсгах гэж оролдсон бөгөөд хүү цааш оролгүй тээглэсэн учир хогийн саванд хаяж явсан юм.