Улсын Онцгой комиссоос томилогдсон шуурхай бүлэг энэ жил зуншлага муу аймгуудад гамшгийн эрсдэлийн үнэлгээг хийж, Баянхонгор, Архангай, Говь-Алтай, Өвөрхангай, Дундговь, Өмнөговь гэсэн зургаан аймгуудад “маш ихээс, их” эрсдэлтэй, өвөлжилт хүндэрнэ гэсэн дүгнэлтийг гаргасан байдаг.
Иймд дээрх зургаан аймгийн малчдаас 40 мянга гаруй толгой малыг Засгийн газар худалдан авч экспортод гаргана гэх мэдээлэл бий. Тэгвэл Ерөнхийлөгч Х.Баттулга “Зэвсэгт хүчний цэргүүдийг дайчилж, энэхүү зургаан аймагт хээрийн бой хийх” саналыг “Хөдөө аж ахуйн бирж”-ээр дамжуулж гаргасан бөгөөд тус үйл ажиллагаа, Өвөрхангай, Баянхонгор, Говь-Алтай эхэлжээ.
Тодруулбал, Говь-Алтай аймагт нэг хонийг малчдаас 30 мянган төгрөгөөр авч байгаа гэх мэдээлэл байна. Ингэхдээ урьдчилгаа 10 хувь буюу 3000 төгрөгийг одоо өгч үлдэгдэл 90 хувийн төлөлтийг данс руу нь хавар шилжүүлэхээр гэрээ байгуулжээ.
Малчдын хувьд өвөл хүндэрч болзошгүйтэй холбоотойгоор малаа зарах сонирхол өндөр байгаа гэв. Эх сурвалжийн мэдээлж буйгаар Говь-Алтай аймагт цэргүүд очиж мал худалдан авч нядлах учир малаа бэлдэж байх тухай зар өнгөрсөн долоо хоногт малчдад иржээ. Энэ дагуу малчид ч дор бүрнээ бэлтгэж эхэлсэн байна.
Холбоотой мэдээллийг ЭНД ДАРЖ үзнэ үү.
Ерөнхийлөгч Х.Баттулгын санаачилж, зохион байгуулж буй уг ажлыг цэргүүд гүйцэлдүүлэхдээ эрүүл ахуйн шаардлага хангахгүй нөхцөлд буюу хөдөө хээр нядалж буй зураг өчигдөр цахим хуудаст тарсан. Тэгэхээр уг мах экспортод гадагшаа гарахгүй байх магадлал өндөр байгаа юм.
Учир нь олон улсад эрүүл ахуйн шаардлага хангахгүй нөхцөлд боловсруулсан махыг худалдан борлуулахыг хориглодог билээ.