Барилга, хот байгуулалтын яамны ахлах мэргэжилтэн Э.Батболд ипотекийн зээлийн 8 хувийг 6% болгох судалгаа, тооцооны талаар мэдээлэл өглөө.
-Ипотекийн зээлийн 8 хувийг 6 хувь болгох талаар мэдээлэл тарж эхэлсэн. Үүнд Барилга хот, байгуулалтын яам ямар бодлого барьж байна вэ?
-Одоогийн хэрэгжиж буй ипотекийн зээлийн хөтөлбөртэй холбогдуулан ажлын хэсэг байгуулан ажиллаж байна.
Хөтөлбөрийн хүрээнд 4.9 их наяд төгрөгийг 100,000 гаруй зээлдэгчид 8 хувийн хүүтэй олгосон.
Зээл авсан хүмүүсийн материалыг судлаад үзэхэд дийлэнх нь сарын хоёр сая төгрөгөөс дээш орлоготой, сард дунджаар 681,000 төгрөг төлж байгаа иргэд голдуу байна.
Эндээс харахад улсын дундаж өрхийн орлого болох 1.3 сая төгрөгөөс доош орлоготой иргэд ипотекийн хөтөлбөрт хамрагдаж чадахгүй байна. Өөрөөр хэлбэл, ипотекийн зээл зорилтот бүлгийнхэнд хүрч чадахгүй байна гэж үзэж байгаа.
Дунд болон дундаас доош орлоготой иргэд яагаад ипотекийн зээлд хамрагдаж чадахгүй байгааг судлахад сарын төлөлт нь өрхийн орлогоос өндөр байгаа юм.
Тиймээс тус ажлын хэсгээс хүүг бууруулбал ипотекийн зээлд зорилтот бүлгийнхэн хамрагдах боломжтойг тооцож үзсэн. Энэ удаагийн ээлжид ипотекийн зээлийн хүүг 6% болгон бууруулж, зээлийг үргэлжлүүлэх судалгаа, тооцоог гаргаад байгаа юм.
-Ипотекийн 8%-ийн зээлтэй иргэд 6% руу шилжиж болох уу?
-Орон сууцны найман хувийн хүүтэй зээл авсан иргэд тухайн үеийн нөхцөл байдал, банкны шалгуураа хангаад орон сууцаа авчихсан хүмүүс. 8%-ийн зээлтэй иргэдийг 6% руу шилжүүлнэ гэвэл улсын төсөвт 360 гаруй тэрбум төгрөгийн санхүүжилт шаардлагатай.
Коронавируст цар тахлын үед улсын төсөвт энэ их хэмжээний санхүүжилтийг тусгах боломжгүй.
8%-ийн зээлээр орон сууц авсан хүмүүсийг 6% руу шилжүүлж дахин санхүүжилж байхаар шинээр зах зээл дээрээс 6,000 айлын орон сууц худалдан авах боломжийг бүрдүүлэх үүднээс шинэ зээлдэгч нарт олгох нь зүйтэй гэж үзэж байгаа.
Орон сууцны зээл шинээр авахад 6%-ийн хүүтэй зээл олгоно.
Харин 8%-ийн зээлтэй иргэд зээлээ төлж дуусаад, дараагийн орон сууцаа авахад 6%-ийн хүүтэй зээл авах боломж нь нээлттэй.
Орон сууцны ипотекийн зээлийн 8%-ийн хүүг бууруулах асуудлыг УИХ-ын намрын чуулганаар хэлэлцэх юм.