ЭХЭМҮТ-д өчигдөр буюу арваннэгдүгээр сарын 2-ны өдөр Дорнод аймгийн Баян-Уул сумын иргэн Хаянхярваагийн Отгонтуяа гурван ихэр хүүхэд төрүүлжээ. Ихрүүдийн хоёр нь хүү, нэг нь охин бөгөөд эх, хүүхдийн бие сайн байгаа юм байна.
Гурван ихэртэй болсон залуу гэр бүл нэг хүүхэдтэй байсан бөгөөд хоёр дахиа амаржиж, дөрвөн хүүхэдтэй өнөр өтгөн айл болж байна. Нийгмийн халамжийн тухай хуульд зааснаар гурван ихэр хүүхдэд улсаас нэг удаа хүүхэд тус бүрд гурван сая төгрөгийн тэтгэмж олгодог. Энэ тэтгэмжийг хүүхдийнхээ гурван нас хүртэл хүссэн үедээ хүсэлт гарган авах боломжтой. Мөн хүүхдийн мөнгө авахаас гадна ээж нь ажил хөдөлмөр эрхэлдэггүй бол хүүхдээ гурван нас хүртэл “Цалинтай ээж” хөтөлбөрт хамрагдаж сар тутам хүүхэд асарсны 50 мянган төгрөгийн тэтгэмж авах эрхзүйн зохицуулалттай байдаг.