Монгол улсын нийт цэнгэг усны 70 хувийг дангаараа бүрдүүлдэг хамгийн гүн бөгөөд цэнгэг нуур болох Хөвсгөл нуурт 1950-иад оноос хойш 50 орчим тээврийн хэрэгсэл живжээ. Тэдгээрийн дунд ялангуяа шатахуун тээвэрлэсэн ачааны автомашинууд цөөнгүй байсан нь Хөвсгөл нуурын эко системд аюул учруулаад байгаа юм.
Тэгвэл Ерөнхий сайд У.Хүрэлсүх Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд айлчлах үеэрээ Хөвсгөл нуурт живсэн 50 орчим тээврийн хэрэгсэл, техникийг гарган авах талаар үүрэг өгчээ. Мөн шаардлагатай тохиолдолд бусад улс, олон улсын байгууллагуудтай хамтран ажиллахыг үүрэг болгосон байна.
Хөвсгөл нуурт хамгийн анх 1969 онд “ДТ-75” трактор живж байжээ. Дараа нь, дөрвөн тонн орчим шатахуун тээвэрлэж явсан “ЗИС-164” цистерн осолдсон бол 2011 онд НИК-ийн шатахуунтай машинууд живж байжээ. Энэ мэт бохирдлоос болж Хөвсгөл нуурын усны түвшин жил ирэх тусам багасч байгаа аж.